Японы Ерөнхий сайд Ш.Ишиба огцорно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-09-08 10:29:58

ТОКИО, 2025 оны есдүгээр сарын 8 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба албан тушаалаасаа огцрох бодолтой байгаагаа ням гарагт мэдэгджээ. Тэрбээр үүрэгт ажилдаа орсноосоо хойш жил хүрэхгүй хугацааны дараа ийнхүү мэдэгдэж байна. Түүний Либерал ардчилсан намынхан /ЛАНнамын даргын ээлжит бус сонгууль явуулах эсэхээ шийдэхээс нэг өдрийн өмнө энэхүү гэнэтийн шийдвэрийг гаргажээ


Засгийн газрынхаа нэр хүндийг сэргээхийг эрмэлзэж буй Ш.Ишиба албан тушаалдаа аль болох удаан хугацаанд үлдэхийг хичээсэн боловч намаас нь сонгогдсон хууль тогтоогчдын дарамт шахалтыг сөрж дийлээгүй бололтой. Гэсэн хэдий ч түүний огцрох шийдвэр Японд улс төрийн үймээн самуун үүсгэж магадгүй юм, учир нь ЛАН Ш.Ишибаг огцорсны дараа ч гэсэн парламентад олонхын эвсэл байгуулахын тулд сөрөг хүчний намтай хамтрахад хүндрэлтэй гэж шинжээчид үзэж байна.


Ерөнхий сайд асан Ёшихидэ Сүга, Хөдөө аж ахуйн сайд Шинжиро Коизүми нартай бямба гаргийн орой уулзсаныхаа дараа Ш.Ишиба дээрх мэдэгдлийг хийжээ. Тэд түүнийг ЛАН-д хуваагдал үүсэхээс зайлсхийхийг уриалсан гэж үзэж байна. Ням гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр Ш.Ишиба хэлэхдээ, долоодугаар сард болсон Зөвлөхүүдийн танхимын сонгуульд ЛАН тааруу оролцсоны хариуцлагыг хүлээж байгаагаа мэдэгдээд, огцрох шийдвэр нь намын даргын сонгуулийг эрт явуулах эсэх талаар санал зөрөлдөөн үүсгэхээс зайлсхийх зорилготой гэдгийг нэмж хэлжээ.


Ш.Ишиба олон нийтийн хүлээлтийг биелүүлж чадаагүйдээ гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд, түүний засгийн газраас хэрэгжүүлж буй цалинг нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засгийн өсөлтийн стратеги нь үр дүнгээ өгч байгааг онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр огцрох болсон шалтгаандаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн тарифын хэлэлцээний хүрээнд засгийн газар нь чухал ахиц дэвшилд хүрсэн гэдгийг дурдаад, өөрийнх нь халааг авах хүн АНУ болон бусад түншүүдтэй бат бөх харилцааг хадгалж чадна гэдэгт найдаж байна гэв.


Хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулсан санал асуулгад оролцогчдын 50 гаруй хувь нь Ш.Ишиба огцрох шаардлагагүй гэж үзсэн байна. Долоодугаар сард болсон парламентын дээд танхимын сонгуульд эрх баригч эвсэл олонхын суудлаа алдсаны хариуцлагыг хүлээхийг Ш.Ишибагаас шаардаж буй энэ үед ЛАН 2027 онд товлосон хугацаанаас өмнө намын даргын сонгууль явуулах эсэхийг шийдэхийн тулд даваа гарагт хууль тогтоогчдоос гарын үсэг цуглуулахаар төлөвлөж байжээ.


Ш.Ишибагийн хэлснээр, нам одоо ийм процедурыг явуулах шаардлагагүй болсон байна. Ням гаргийн орой ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироши Морияма хэлэхдээ, ирэх сонгуульд аль болох энгийн гишүүдийг оролцуулах арга замыг эрэлхийлэх нь чухал гэдгийг онцолжээ.


Ш.Ишиба ЛАН-ын даргын сонгуульд тав дахь удаагаа нэр дэвшиж ялалт байгуулсан боловч түүний эрх баригч эвсэл өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлчээр болсон бүх нийтийн сонгуулиар парламентын доод танхимд олонх болж чадаагүй юм. Улмаар энэ оны долоодугаар сарын 20-нд болсон сонгуульд ЛАН, Комэйто намууд дээд танхимын сонгуульд мөн олонх болж чадаагүй билээ.


Парламентын дээд танхимын сонгууль болсноос сар гаруйн дараа буюу мягмар гарагт гаргасан ЛАН-ын сонгуулийн тайланд "тус намын нэр хүнд буурсны гол шалтгаан нь улс төрийн сантай холбоотой дуулиан" болохыг онцолжээ. ЛАН-ын зарим фракц, тэр дундаа талийгаач Ерөнхий сайд Шинзо Абэгийн тэргүүлж байсан фракц нь хөрөнгө босгох үйл ажиллагаанаас олсон орлогынхоо тодорхой хэсгийг тайлагнаж чадаагүй, үрэлгэн санг бий болгосон нь илчлэгдсэнээс үүдэн хүчтэй шахалтанд орсон байна.

 


Related news