ОРХОН: Пүрэв гараг бүр иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр,2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр долоо хоног бүрийн пүрэв гарагт иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсдог уламжлалтай.
Өнгөрсөн оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл нийт 250 гаруй иргэнтэй уулзалт хийжээ. Тэрбээр “Иргэдийн санал хүсэлтийг сонсож газар дээр нь хариулт өгөх, зарим төрийн байгууллагуудад холбох, иргэдэд тулгамдсан аливаа асуудлын арга замыг ярилцаж, шийдвэрлэх нь төрийн байгууллагын үүрэг. Иймд энэхүү уулзалтыг долоо хоног бүр хийж хэвшихийг зорьж байна” гэв.
Түүнчлэн иргэдээс гарч буй санал хүсэлтийн дийлэнх хувийг орон сууц хүссэн хүсэлт эзэлдэг. Иймд үнэ төлбөргүй олгож байгаа орон нутгийн өмчийн орон сууц байхгүй гэдгийг өнөөдрийн уулзалтын үеэр иргэдэд мэдээлэл өглөө. Уулзалтад аймгийн ЗДТГ-ын хэлтэс, түүний харьяа агентлагуудын удирдлагууд оролцож иргэдэд мэдээлэл өгдөг. Иргэд 70359144 дугаарт холбогдож уулзалтын цаг авах боломжтой юм.
Related news

