Пакистанд Энэтхэгийн телевиз, радиогийн нэвтрүүлгийг гаргахыг хориглов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-22 13:54:01

ИСЛАМАБАД. /ВВС/. Энэтхэгийн бүх телевиз болон радиогийн нэвтрүүлгийг гаргахыг Пакистан хоригложээ.

Баасан гарагаас хэрэгжиж эхэлсэн хориг арга хэмжээг зөрчсөн телевиз болон радиог хаах аж.

Ийм хориг тавьсныг Пакистаны кабелийн телевизүүд болон Энэтхэгийн олон ангит кино, Болливудын кинонуудыг үзэх дуртай пакистанчууд эрс шүүмжилж байна.

Өмнөд Азийн хөрш хоёр улсын харилцаа таагүй болсны дараа Пакистан ийм хориг арга хэмжээ авлаа.

Өнгөрсөн есдүгээр сард Кашмир дахь хилийн маргаантай бүсийн Энэтхэгийн хяналтанд байдаг хэсэг  дэх армийн бааз руу босогчид халдан 18 цэргийг хөнөөсний дараа хоёр талын харилцаа муудсан билээ. Уг халдлагыг Пакистаны хэт давруу үзэлтнүүд үйлдсэн гэж Энэтхэгийн тал үзэж, босогчдод чөлөөтэй нэвтрэх боломж олгосон хэмээн Пакистаны засгийн газрыг буруушааж байгаа билээ.

Харин Пакистаны тал үүнийг “ор үндэсгүй гүтгэлэг” хэмээн эрс няцааж байгаа юм.

Г.Доржханд

Related news