СЭЛЭНГЭ: Анна Сьюэллийн “Хилэн хар”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-19 13:33:14

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас номын амтанд орж, ном сонирхон уншдаг бяцхан хүүхдүүддээ зориулан дэлхийн хүүхдийн сонгодог зохиолуудаас цувралаар танилцуулж байна.

 

Энэ удаа Анна Сьюэллийн Хилэн хар” номын тухай өгүүлсэн байна.    

 

Багаасаа таван хошуу мал, тэр дундаа адуу хэмээх тэнгэрлэг амьтныг хайрлан энэрч өсдөг монгол жаалуудад энэхүү ном танил дотно байж, дуртай бүтээлүүдийнх нь нэг болно гэдэгт итгэлтэй байна хэмээн тус номын сангийнхан хэлж байна.   

 

Ямар ч үед тэмцэгч байж, аливаад тууштай ухаалаг хандахын сайхныг “Хилэн хар” өөрийн түүхээр үлгэрлэн харуулна.

 

Хилэн хар нь 1877 онд хэвлэгдсэн бөгөөд 50 сая хувь борлуулсан нь бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай номуудын нэгд зүй ёсоор багтдаг байна.

 

Хүмүүсийн харилцааны чухал хэсгүүдийг морьд болоод эздийн харилцаагаар төлөөлүүлэн уран яруу илэрхийлсэн энэхүү зохиолд нинжин сэтгэл, хайр энэрэл, хүндлэлийн үнэ цэн хийгээд амьдралын нугачааг зориг тэвчээрийн хүчээр даван туулж буй сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлдэг.

 

Зохиолын гол дүр нэгдүгээр биеэс өгүүлж байгаа хэлбэрээр бичигдсэн ба энэхүү зохиол нь хилэн харын аз жаргалтай бага насаар эхэлж, адармаатай идэр нас, мөн эх нутагтаа эргэн ирж буй баярт мөчийг харуулдаг юм.

 

Анна Сьюэлл зохиолыг зөвхөн хүүхдэд зориулаад зогсохгүй тухайн үеийн морьдын эзэд, сургагч нарт, түүнчлэн амьтанд хайртай хүн бүрд зориулан бичсэн гэж хэлж байжээ.

 

Номын гол баатар "Хилэн хар" морины унага наснаас авахуулаад нас биед хүрч, эмээл хазаартай танилцаж, сайн, саар эзэдтэй учирч, бэрхшээл сорилт бүрийг эр зориг, тэвчээр хатуужлаар даван туулж буй тухай өгүүлнэ.

 

“Хилэн хар” бол Анна Сьюэллийн /1820-1878/ цорын ганц бүтээл юм. Тэрээр амьдралынхаа туршид хүнд өвчинд нэрвэгдсэн нэгэн байсан бөгөөд бусдын туслалцаагүйгээр хол газар явж чаддаггүй байжээ.

Related news