2025 он хүртэл үргэлжлэх уг төслийн хүрээнд энэ онд 38 цооногийн 20386 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэжээ. Харин хээрийн судалгааг налуу ам 294 метр далд нэвтрэлтийн ажлаар өндөрлүүлж байгааг үзүүлэв. Үүнд, Хөгжлийн хэлтэс ахлан, үйлдвэрийн газрын долоон хэлтэс, нэгжийн төлөөлөл бүхий ажлын баг хяналт тавин ажиллаж байна. Хэдийгээр сульфидын хүдрийн ордын исэлдлийн бүс налуу аманд бага хэмжээний нуралт, тогтворгүй байдал, мөн гүний усны хүндрэл байсан ч гүйцэтгэгч “EMC” ХХК уг ажлыг төлөвлөсөн хугацаанаас 40 хоногийн өмнө дуусгажээ.
Далд уулын ажлаас ханын геологи-структурын зураглал, ховилон сорьцлолт, чулуулгийн сийрэгжилт, хүдрийн чийгшил, эзэлхүүний жин болон гидрогеологийн судалгааг хийгээд байна гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий геологич Д.Алтанхуяг мэдээллээ.
Нэвтрэлтийн тэсэлгээ тутмын ахилтыг харгалзан нийт 36 овоолгыг тээвэрлэн гаргаж, гадаргын ус, агаар зэрэг нөлөөнөөс хамгаалан хучиж, хадгалалтын нөхцөлийг ханган хурааж хуримтлуулаад байна. Ингэснээр хүдэрт хагас үйлдвэрлэл, хүдэр ангилан ялгах гэхчилэн төрөл бүрийн томоохон туршилт, судалгаа хийх боломжтой болжээ.
Оюутын ордод 2025 оны эхний хагаст 10000 тууш метр өрөмдлөгийг тусгай зөвшөөрлийн талбайн завсар хэсгийг хамруулан явуулах бөгөөд элсний хуримтлалын хайгуул, мөн археологийн авран хамгаалах ажил зэргийг гүйцэтгэснээр үр дүнгийн тайлан, нөөцийн тооцоог эцэслэн боловсруулах юм.
