Гараа савандаж угааж хэвшихийг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-10-18 17:57:29

НЭМХ-гээс ЭМЯ, ДЭМБ, НБГ-тай хамтран “Дэлхийн гар угаах” тэмдэглэлт өдрийг “Гараа савандаж угааж хэвшицгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ хүрээнд гар угаах дадлыг хэвшүүлэх талаар нийслэлийн 8 дүүргийн ЕБС-ийн 103 сургуулийн сурагч, эмч нарт мэдээлэл өгч, ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмж,  гар угаах талаарх мэдлэг, хандлага, дадал, гарын ариун цэврийн талаар хийсэн судалгааны үр дүнг танилцуулав.

Мөн нийслэлийн 48-р сургуулийн бага, дунд ангийн 200 гаруй сурагчид “Гарын ариун цэвэр, гараа савандаж угаахын ач холбогдол” сэдэвт сургалт зохион байгуулав.

Сургалтаар “Гараа савандаж угаах нь яагаад чухал вэ?”, “Яагаад гараа тогтмол угаах хэрэгтэй вэ?” гэдгийг ойлгуулахад чиглэн, сурагчидтай харилцан ярилцаж, видео бичлэг болон тоглоом хослуулан явууллаа.

Мөн ЕБС-ийн дунд ангийн 25 сурагчийн гарт гэдэсний бүлгийн нян илрүүлэх шинжилгээг хийж гарын ариун цэврийн харьцуулсан үнэлгээг хийхэд сурагчдын 40 гаруй хувьд нян илэрч байгаа нь гарын бохирдол их, гараа угаах байдал хангалтгүй байгааг харуулж байна. Иймд гараа тогтмол савандаж угааж хэвшихийг эмч, мэргэжилтнүүд санууллаа.

Ж.Болор

Related news