Хөдөлмөр эрхлээгүй иргэдээ эрүүл мэндийн үзлэгт хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 15:56:14

Ажил хөдөлмөр идэвхитэй хайж, хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн иргэдээ эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамруулах шийдвэрийг Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг дарга гаргажээ.

Байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтан албан хаагчдаа эрүүл мэндийн үзлэг оношлогоонд жил тутамд хамруулдаг бол харин ажил хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөрийн насны иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд тэр бүр хамрагдаад байдаггүй. Тиймээс нэгдсэн зохион байгуулалтаар хөдөлмөрийн насны иргэдээ эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамруулахаар болсон гэдгийг сумын Засаг дарга М. Баянсан хэллээ.

Өнөөдрийн байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй 600 гаруй иргэн тус суманд байна. Тэднийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамруулж, эрүүл мэндийн зөвлөмж туслалцаа үзүүлэх ажлыг ирэх даваа гаригаас эхлэн 5 хоногийн хугацаанд Сайнцагаан сумын эмнэлэгт зохион байгуулахаар болжээ.

Дундговь Т. Отгонтуяа

Related news