Тэмүүжин цогцолбор сургуулийн төгсөгчид Японд суралцах боломж нээгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙУлаанбаатар хотод Японы Сейжо Их Сургууль, Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулиуд хамтын ажиллагааны гэрээнд энэ сарын 9-ний өдөр гарын үсэг зурлаа.
Тус хоёр сургуулийн удирдлагууд харилцан зочилж, үйл ажиллагаатайгаа танилцсан бөгөөд энэхүү гэрээ нь нэг жилийн хугацаатай, хамтын ажиллагаа нь амжилттай үргэлжилбэл ахин нэг жилээр сунгагдах аж. Цаашид Тэмүүжин цогцолбор сургуулийн талаас очиж байгаа сурагчид идэвхтэй сайн сурч чадвал гэрээ нь хугацаагүйгээр үргэлжилнэ гэж Японы сургуулийн талаас хэлж байна.
Харин Тэмүүжин цогцолбор сургуулийн захирал М.Золзаяа хэлэхдээ “Нэгдүгээрт хөдөө орон нутгийн сурагчид өндөр хөгжилтэй Япон улсад бакалаврын түвшний сургалтанд хамрагдаж, боловсрол эзэмших болж байгаагаараа онцлог юм. Хоёрдугаарт бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотойгоор англи, орос хэлнээс гадна япон хэлийг сонгон үзэх боломж нээлттэй бий. Хэрвээ хөдөө орон нутагт тухайн мэргэжлийн багш нь дутагдалтай, хичээлийн стандарт цагт нь багтаагүй, япон хэлний 2-3 дугаар түвшинд хүрч чадаагүй тохиолдолд Улаанбаатар хотын Соёл-Эрдэм дээд сургуультай хамтарч ажиллах боломж мөн байгаа. Тодруулбал, Тэмүүжин цогцолбор сургуулийн сурагчид Соёл-Эрдэм сургуульд нэг жил суралцсан тохиолдолд Сейжо Их Сургуульд сурах боломж нь нээгдэнэ гэсэн шинэ заалтыг гэрээнд тусгасан. Энэ нь япон хэлний 2,3 дугаар түвшнийг хангасан Тэмүүжин цогцолбор сургуулийн төгсөгчдөд ч нээлттэй” гэв.
Д.Одонтунгалаг