Бизнес эрхлэгчдийн уулзалтад саналуудаа чөлөөтэй тавьж болохыг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-14 22:27:46

Холбооны бүгд найрамдах Герман улсын Эдийн засаг, эрчим хүчний яамны Герман-Монголын ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарын хамтын ажиллагааг хариуцсан хатагтай Урсула Хорн, ХБНГУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн, элчин зөвлөх Фернау, GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн захирал Др.Ханселманн, уг хөтөлбөрийн дэд захирал О.Батболд зэрэг албаны хүмүүс өнөөдөр Сэлэнгэ аймагт зочиллоо.

Зочдыг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаа болон бусад хэлтэс агентлагийн төлөөлөл хүлээн авч, уулзалт хийлээ. 
Хоёр улсын Засгийн Газрын 2011 онд хийсэн Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн дагуу Герман-Монголын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулаад удаагүй байна. Энэхүү уулзалтын хүрээнд Сэлэнгэ аймгийг Герман улсын аль нэг муж улстай харилцаа хамтын ажиллагаа тогтоох талаар яригдсан хэмээлээ. Тийм ч учраас ХБНГУ-ын ажлын хэсгийн баг бүрэлдэхүүн Сэлэнгэ аймгийн удирдлагуудтай өнөөдөр уулзан ирэх 12 дугаар сард ХБНГУ-д болох Засгийн газар хоорондын ажлын хэсгийн дараагийн уулзалтанд хэлэлцэгдэх саналыг тодруулж, тодорхой зөвлөмжийг өглөө. Сэлэнгэ аймгийн талаас аж үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт ХБНГУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Тухайлбал, хуурай сүү бэлтгэх, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг тус улсаас импортлох. Түүнчлэн шахмал түлшний үйлдвэр цех байгуулах, төмс хүнсний ногоо савлах, даршлах үйлдвэр, ногооны агуулахын аж ахуй бий болгох. Мөн чацаргана жимсийг боломжит нөхцлөөр бүрэн боловсруулж, гадаад дотоодын зах зээлд нийлүүлэх зэрэг жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хэд хэдэн саналуудыг тавиад байгаа юм. Албаны хүмүүс эдгээр саналыг сонсоод ирэх 12-р сард болох хоёр улсын Засгийн газрын ажлын хэсгийн уулзалтанд 1-2 томоохон саналыг дэвшүүлж болно.

Мөн бизнес эрхлэгчдийн уулзалтанд бусад хамтын ажиллагааны саналуудаа чөлөөтэй тавьж болно хэмээн зөвлөлөө.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news