УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-08 14:18:28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэн Ч.Өлзийсайхан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт  “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэснийг зөрчиж байна гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Цэцийн дунд суудлаар хуралдаанаас уг маргааныг хянан хэлэлцээд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн хоёр дахь хэсгийг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргажээ.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хүлээн авах боломжгүй гэж үзжээ.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед А.Бакей гишүүн УИХ-ын төлөөлж оролцсон байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүйгээр сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн санал хэлсэн.

УИХ-ын дарга З.Энхболд Р.Гончигдорж гишүүний саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх хэрэгтэй” гэв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэнээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

Ч.Ариунболд

Related news