ДУНДГОВЬ: Аймгийн музейд хүрэл эдлэлийн 700 орчим үзмэр бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-05-07 17:41:19
altantogos

Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтөн олон зуун мянган жил чулуун зэвсэг хэрэглэсний эцэст анхны төмөрлөг болох зэсийг хайлуулж, богино хугацаанд хэрэглэж байгаад улмаар зэсийг цагаан тугалгатай хольж, хүрэл хэмээх шинэ төмөрлөгийг гарган авчээ. Хүрэл нь зэсийг бодвол хатуу, бат бөхөөс гадна бага хэмд хайлдаг давуу чанартай байжээ.


Дундговь аймгийн Музей хүрэл эдлэлийн үзмэрээрээ бусад музейгээс ялгардаг онцлогтой. Тус аймгийн нутагт Хүрэл зэвсгийн үед холбогдох дөрвөлжин булш, хиргисүүр, хадны зураг зэрэг дурсгал олон бий. Үүнээс гадна хүрлээр хийсэн багаж зэвсэг, эд зүйлс тус аймгийн нутгаас түүвэр байдлаар олноор олддог ба тус музейд 700 орчим хүрэл эдлэл хадгалагдаж байна.


Хүрлийн цуглуулгад амьтны загвар 50, хүрэл сум, 350, хүрэл хутга 70, ахуйн хэрэглээний хүрэл 60, гоёл чимэглэлийн эд зүйл 170 ширхэг байдаг.  



Гоёл чимэглэл: Хүрлийн үеийн гоёл чимэглэлийн зүйлд ихэвчлэн амьтны загварт хүрэл эдлэл байхаас гадна товруу, ээмэг, бөгж, унжлага, хонх болон зориулалт нь тодорхойгүй бусад чимэглэлийн зүйлс багтана. Амьтны загварт хандгай, янгир зэрэг зэрлэг амьтдыг дүрслэхээс гадна таван хошуу малын дүрс байна.


Хэд хэдэн амьтдын биеийг бүтнээр нь урлахын зэрэгцээ биеийн зарим хэсгийг тодруулан гаргаж, бодит болон загварчилсан байдлаар хослуулан амьтдын дүрсийг бүтээсэн байдаг. Музейн цуглуулгад байгаа амьтны дүрст эдлэлүүд НТӨ VIII зуунаас Хүннү гүрний үе хүртэлх цаг хугацаанд холбогддог.




Бүсний арал: Түүхийн явцад бүс нь эртний хүмүүсийн аж ахуйн болон байлдааны зэр зэвсгээ агсаж, зүүдэг гол эд хэрэглэл байгаад улмаар нийгмийн хөгжлийн явцад эрх мэдэл зэрэг дэвийг илэрхийлэх болжээ. Тус музейн цуглуулгад хадгалагдаж буй бүсний арал, дэгээ, унжлага чимэглэлүүд нь түүхийн янз бүрийн цаг үед холбогдох бөгөөд эдгээрээс хамгийн эртнийх нь НТӨ I мянганы үед холбогдох бол зарим нь бүр хожуу үед бүтээгджээ.




Хүрэл унжлага: Монгол нутгаас олон тоогоор олддог олдворын нэг бол янз бүрийн хийц, хэлбэр бүхий хүрэл унжлага юм. Эдгээрийн ихэнх нь дугуй сэнжтэй, хоёр болон гурван салаа мөн олон сараалж бүх бүхий зууван хэлбэртэй унжлагууд байдаг.




Хүрэл хутга: Тус музейн цуглуулгад 70 гаруй хүрэл хутга бий. Тэдгээрийн чинжал хутга байдаггүй, ихэнх нь жирийн хутга юм. Музейн хутгануудыг судлаачид мөр, тольт, үзүүр зэргээр нь хэд хэдэн ангилал болгон хуваасан байдаг. Тухайлбал, 1) бөгтөр мөртэй, тэгш үзүүртэй хүрэл хутга, 2) бөгтөр мөртэй, ээтэн үзүүртэй, 3) шулуун мөр, үзүүртэй гэж 3 ангилан тус бүрийг тодорхойлж холбогдох он цагийг тогтоожээ.


Ихэнх хутга тольтондоо цагирган буюу хос цагирган сэнжтэй байхад зарим хутганы ишний хойд хэсэгт дугуй болон гурвалжин, зууван нүх, тээглүүр гарган цутгасан байна. Харин цөөн тооны хутганы ишин дээр хээ, чимэг гаргаж, цуварсан амьтны дүрс товойлгон урлаж, тольтон дээр нь амттан болоод цэцэг хэлбэрийн чимэглэл цутган гаргажээ. Ихэнх хутганы ишний цагираг нь зүүж явах зориулалттай байсан нь зарим хутганы элэгдсэн цагирган сэнжнээс тодорхой харагдана.


Тус музейд хадгалагдаж буй хутганууд монгол орны бусад нутаг болон хөрш, зэргэлдээ орны нутгаас олдсон хутгануудтай ижил төстэй бөгөөд хутганы хэлбэр болон хийцээс харахад өөр өөрийн гэсэн үүрэг хэрэглээтэй байсныг судлаачид тогтоосон. Хийцийн хувьд олонх нь энгийн хийцтэй бөгөөд тэдгээрээс цөөн хэдэн хутгыг урлахуйн өндөр түвшинд бүтээжээ.



Сумны зэв: Тус аймгийн нутгаас олж цуглуулсан 350 орчим зэв аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

Зэвийг 1) хоёр жигүүрт хүрэл зэв, 2) дугираг онгитой хоёр жигүүрт зэв, 3) бөгжин онгитой гурван жигүүрт зэв, 4) сурвалжтай цул гурван жигүүрт хүрэл зэв, 5) бие онгитой дан бөгжтэй гурван жигүүрт хүрэл зэв гэж ангилдаг.




Хүрэл шөвөг: Тус музейн цуглуулгад буй ахуйн хэрэглээний уламжлалт багаж, хэрэгслийн нэг бол шөвөг юм. Нүүдэлчид эрт цагаас шөвгийг цоолох, оёх, үдэх зэрэг зориулалтаар ашиглаж ирсэн. Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй шөвөгнүүдийн ихэнх нь НТӨ I мянган жилийн хоёрдугаар хагаст холбогдоно гэж үздэг. 




Дундговь аймгийн музейд хадгалагддаг хамгийн үнэтэй үзмэр бол “амьтны дүрст хүрэл арал” юм.  Энэ нь 11.8x7.5 см хэмжээтэй, 70 гр жинтэй. Энэ үзмэрийг тус музей өөрийн таних тэмдгээ болгожээ.  









Related news