Ши Жиньпин Европын орнуудад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-05-05 13:58:42

БЭЭЖИН, 2024 оны тавдугаар сарын 5 /TASS/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин таван жилийн дараа анх удаа Европын орнуудад айлчлах гэж байна. Тэрбээр Франц, Серби, Унгар улсуудын удирдагчдын урилгаар тавдугаар сарын 5-10-ны өдрүүдэд Парис, Белград, Будапештэд айлчилна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас /ГХЯ/ мэдээллээ. 


Энэ удаагийн айлчлал нь Хятад, Европын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, дэлхийн энх тайван, хөгжилд шинэ түлхэц өгнө гэж Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Лин Жянь мэдэгдэв.


Хятадын дарга айлчлалаа Франц улсаас эхлүүлнэ

Ши Жиньпин  тавдугаар сарын 5-нд Франц улсыг зорих бөгөөд түүний айлчлал тавдугаар сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ. Энэхүү айлчлал нь Хятад, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой давхцаж байгаа юм. Лин Жяний хэлснээр, хоёр улсын төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, Хятад, Францын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах аж.


Ши Жиньпин, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар Хятад, Францын харилцаа, мөн Хятад, Европын харилцааны талаар хэлэлцэнэ. Хятад-Францын дээд хэмжээний уулзалтын үеэр мөн Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйеныг оролцуулан гурван талын уулзалт хийх ажээ. Ши Жиньпин, Э.Макрон нар харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлуудаар санал солилцоно. Удирдагчид мөн Украины мөргөлдөөн, Ойрх Дорнодын нөхцөл байдал, түүнчлэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамтран хариу арга хэмжээ авах, худалдаа, хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэх ажээ. 


БНХАУ-ын даргын айлчлалыг тохиолдуулан хоёр орны эдийн засгийн харилцаанд зориулсан бизнесийн бага хурал Елисей талбай дахь Мариньи театрт болно.


Хятадын гаалийн мэдээгээр, 2023 онд Хятад, Францын худалдааны нийт хэмжээ 78.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оныхоос 2.2 хувиар буурсан байна. Франц улс Европын Холбоо дахь Хятадын гурав дахь том худалдааны түнш, Хятад улс нь Францын дөрөв дэх том худалдааны түнш болжээ. Хятад улс Францаас турбо тийрэлтэт хөдөлгүүр, онгоцны эд анги, нисэх онгоц, гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэн, эм, согтууруулах ундаа, улаан буудай болон бусад үр тариа импортолж, нарны зай хураагуур, лити-ион батерей, компьютер, ухаалаг утас, турбо хөдөлгүүрийн эд анги, мэдээлэл хүлээн авах, дамжуулах тоног төхөөрөмж, хямд үнэтэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг.


БНХАУ-ын даргын Францад хийх айлчлал зөвхөн Парисаар хязгаарлагдахгүй. Ши Жиньпин, Э.Макрон нар тус улсын баруун өмнөд хэсэгт орших Зүүн Пиренейн нурууны Ла Монжи мужид зочилно. Ши Жиньпин, Макрон нар хамгийн сүүлд 2023 оны дөрөвдүгээр сард Францын Ерөнхийлөгчийг Хятадад айлчлах үеэр уулзсан юм. Тухайн үед Францын удирдагч Бээжин хотоос гадна Хятадын өмнөд нутгийн Гуанжоу хотод зочилсон байна.


Хятад, Сербийн найрамдлыг бэхжүүлэх нь
Ши Жиньпин Серби улсад тавдугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Хятадын ГХЯ-наас мэдэгдсэнээр, энэ нь Сербид сүүлийн найман жилд хийх анхны айлчлал болох бөгөөд Хятад, Сербийн харилцааг сайжруулах, шинэчлэх чухал үйл явдал болно. Ши Жиньпин, Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич нар олон улсын болон бүс нутгийн байдлын асуудлуудыг хэлэлцэж, Хятад-Сербийн харилцааны түвшнийг шат ахиулж, хоёр талын харилцааг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлох төлөвтэй байна.

Сербийн Ерөнхий сайд Милош Вучевич БНХАУ-ын даргын айлчлалын өмнө мэдэгдэхдээ, Хятад улс бол Сербийн найдвартай холбоотон, стратегийн түнш бөгөөд Өрнөдийн орнуудын дургүйцлийг үл харгалзан хоёр орны харилцаа цаашид хөгжинө гэж онцлон тэмдэглэжээ. "Энэ жилийн хамтын ажиллагааны хамгийн оргил үе бол чөлөөт худалдааны хэлэлцээрийг соёрхон баталж, Сербийн бизнес эрхлэгчдэд Хятадын том зах зээлд нэвтрэх үүд хаалгыг нээж өгөх явдал юм" гэж тэрбээр хэлсэн байна.

2023 онд хоёр талын худалдааны нийт хэмжээ 4.35 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оныхоос 23 хувиар өссөн байна. Сербиэс Хятад руу голдуу зэсийн хүдэр нийлүүлдэг. Хятад улсаас Сербид машин, сэлбэг хэрэгсэл, ухаалаг утас болон бусад электрон бараа экспортолдог. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсаар манай улсын Хятадтай хийх худалдаа ойрын 10 жилд хоёр дахин нэмэгдэх боломжтой гэж Вучевич Хятадын төв телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Серби дэх Хятадын даргын айлчлалын хөтөлбөр одоогоор тодорхойгүй байна. 

Хятад, Унгарын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь
Европын орнуудад хийх Ши Жиньпиний айлчлал Унгарт өндөрлах бөгөөд тэрбээр тавдугаар сарын 8-10-ны өдрүүдэд тус улсын Ерөнхийлөгч Тамаш Шуйок, Ерөнхий сайд Виктор Орбан нартай хэлэлцээ хийнэ. Энэ тухай Унгарын засгийн газрын тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Берталан Хаваши мэдэгдэхдээ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байгааг дурджээ. Тэрбээр мөн  Унгар, Хятад хоорондын болон хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, шинэ салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү айлчлалын зорилго оршиж байна" хэмээн онцлон тэмдэглэсэн байна. 

Хариуд нь Унгар дахь Хятадын Элчин сайд Гун Тао ийм салбаруудын тоонд тээврийн дэд бүтэц, автомашины үйлдвэрлэл, харилцаа холбоо, химийн үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр орно гэдгийг тодруулав. Будапешт хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр дипломатч хэлэхдээ, айлчлалын үеэр хоёр тал хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна гэжээ. 

В.Орбан хамгийн сүүлд 2023 оны 10 дугаар сард Бээжинд болсон "Нэг бүс, нэг зам" олон улсын форумын үеэр Ши Жиньпинтэй уулзсан юм. Тэрбээр Европын Холбооны орнуудын удирдагчдаас тус чуулганд оролцсон цорын ганц удирдагч байсан юм. 

Талууд Ши Жиньпиний айлчлалын хөтөлбөрийг хараахан нийтлээгүй байна. Унгарын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Ши Жиньпин Будапештэд хэлэлцээ хийхээс гадна, тус улсын өмнөд нутаг орших Печ хотод зочлохоор төлөвлөжээ. Тус хотод тэрбээр В.Орбаны хамтаар Хятадын автомашины “Great Wall Motor” компанийн үйлдвэрийг нээх ажээ.

Өнгөрсөн онд Хятад, Унгарын худалдааны нийт хэмжээ 14.5 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оныхоос 6.3 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Хятадын компаниуд хагас дамжуулагч, радио навигацийн болон бусад тоног төхөөрөмж, автомашины эд ангиудыг Унгараас авдаг бол Унгарын аж ахуйн нэгжүүд харилцаа холбооны салбарт хэрэглэгдэх тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, лити-ион батерей, инженерийн үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, хиймэл бал чулуу, шингэн болор хавтан болон бусад бараа бүтээгдэхүүн худалдан авдаг байна. 
Related news