БУЛГАН: Уянга эгшгийн уужимд "Уудам" бүтээлийг заллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-04-30 08:59:48

Булган, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Орхон сумын иргэн соёлын өвийг өвлөн уламжлагч Б.Энхзулын "Уудам" бүтээлийг Хангал сумын Соёлын төв хоймортоо залжээ.



"Уудам" нэртэй байгаль эхийн зуу зуун жилийн түүхийг тээсэн энэхүү бүтээлийг урлагийн өргөөндөө залж, нүд болоод сэтгэлийн цэнгэл эдлүүлсэнд уран бүтээлч талархал дүүрэн байна.



Энэ бүтээлийг урлаач Булган аймгийн Орхон сумын Дизайн технологийн багш Б.Энхзул МУБИС-ийг 2006 төгссөн. Эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг. 




Орхон сумын сургуульд Дизайн технологийн багшаар ажиллаж байгаа ба заах аргач зэрэгтэй. Тус сумын "Шилдэг залуу"-гаар гурван удаа шалгарсан. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан "Залуу зохион бүтээгч" тэмцээнд 3 жил дараалан бэлдсэн баг нь шилдэг наймд багтаж байсан ба 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд МУСТА цол тэмдгээр хөдөлмөрөө үнэлүүлээд байна.



Эсгий, хайчилбар, эвэр болон модон урлалаар голчлон бүтээл хийж, долоон удаа бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан юм.


Хөдөлмөрч, авьяаслаг энэ залуу олон арван шавийн сайн багш, сайн хань, шилдэг аав. Түүний амьдралын гэгээн дурсамж, элдэв чамирхалгүй гүдэсхэн яриа, жигүүрээ дэлгэж амьдралд ниссэн болоод өдөлж буй авьяаслаг шавь нарынх нь амжилт бялхсан түүх зэргийг үггүйгээр гэрчилсэн "Уудам" хэмээх бүтээл.



"Уудам" хэмээх модны үндэс, үхрийн эврээр урласан бүтээлээ гурван том үндсийг өнгөлж, дээш өгсөж буй загасыг үхрийн эврээр урласан нь хүн бүр өөр өөрийн бодол өнцгөөр тайлбарлаж болох сэтгэлийн уужимдаа амгаланг олох үнэхээр л уудам, бишрэм бүтээл байлаа. 



Related news