ДАРХАН-УУЛ: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлд холбоодын саналыг авч, төлөвлөгөөнд тусгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-04-22 19:26:15

Дархан, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд тусгах, санал солилцох уулзалт энэ сарын 19-ний өдөр боллоо. Уулзалтад аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, ХБХЭХСЗ-ийн нарийн бичгийн дарга Н.Цасчихэр, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга С.Энхболд болон зөвлөлийн гишүүд оролцлоо.




Мөн Монголын хараагүйчүүдийн холбооны Дархан-Уул аймгийн салбар, Тэргэнцэртэй иргэдийн холбоо, Сонсголгүй иргэдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбоо, Даунтай хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбоо, Аутизмтай хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбоо, “Эрхэм нандин сувд” ТББ-ын төлөөллүүдтэй харилцан санал солилцлоо.




Уулзалтад оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролыг илүү үр дүнтэй болгож тэгш хамруулах, тусгай хэрэгцээт боловсролын туслах багштай болох, мэргэжлийн дохионы хэлмэрчтэй болохыг хүслээ. Учир нь орон нутгийн мэдээ, нэвтрүүлэг, төрийн байгууллаас өгч буй мэдээллийг гүйцэд ойлгохгүй, хэлмэрчийн шаардлага тулгардаг гэдгийг онцоллоо.




Мөн ЕБС төгссөн хүүхдүүдийг их, дээд сургуульд тэтгэлэгт хамрагдах боломжийг нээх, өдөр өнжүүлэх төвтэй болох, хэл заслын ганцаарчилсан сургалт явуулах, олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрөөр туршлага солилцох гадаад багшийг орон нутагтаа авчирч ажиллуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ хийлгэх, хүүхэд болон асран хамгаалагчдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулах, эрүүл мэндийн байгууллагууд цаг, дараалал харгалзахгүй үзлэгт хамруулж байх зэрэг тулгамдаж буй асуудлуудыг хөндөж төлөвлөгөөнд тусгаж, өгөхийг хүслээ.




Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл дээрх санал хүсэлтийг хүлээн авч, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгаж баталлаа.


Үүнд:

Аймаг, сумдын соёлын төв, спорт заалыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нээлттэй болгож, Дархан сумын спорт зааланд долоо хоногт нэг удаа, бусад сумын спорт зааланд долоо хоногт хоёр удаа үйлчлүүлж байхаар тогтжээ.


Улсын болон тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, уралдаанаас шагнал хүртсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аймаг орон нутгаас шагнаж урамшуулна.




Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн туслах багшаар бэлтгэгдсэн хоёр багшийг “Оюуны ирээдүй”цогцолбор болон есдүгээр сургуульд тус тус ажиллуулах.

Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөдөлмөр заслын кабинет байгуулах.


Дархан сумын долоодугаар багт байрлах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааг сайжруулах.

Аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг шүдний үзлэгт хамруулах /жилд 150-иас доошгүй /

Төрийн байгууллагууд тус иргэдэд зориулсан зориулалтын зам, ариун цэврийн өрөөтэй болох түүнд стандарт тавих, төрийн байгууллагуудын хаяг, тоотод брайл үсгээр хаягийг нэмэлтээр байршуулах,




Хөдөлмөрийн тухай хуулийн 253-р тогтоолоор баталсан журмын хэрэгжилтийг хангах, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх асран хамгаалагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хэл заслын сургалт зохион байгуулах, “Иргэдийн индэр” зэрэг иргэдэд зориулсан томоохон үйл ажиллагаанд дохионы хэлмэрч ажиллуулах зэрэг саналыг төлөвлөгөөндөө тусгаж баталжээ.


Дээрх ажлуудыг аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, 7 дугаар цэцэрлэг, ерөнхий боловсролын 12 дугаар сургууль зэрэг байгууллагыг түшиглэн үе шаттайгаар хийж эхэлнэ гэж аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Цасчихэр онцоллоо.




Ташрамд, улсын хэмжээнд 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг. Үүний 67 хувь нь хөдөө, орон нутагт амьдардаг. Харин Дархан-Уул аймгийн хэмжээнд 5200 гаруй гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж, амьдарч байна. 


Related news