Аун Сан Су Чиг гэрийн хорионд шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-04-17 12:34:49

НЕЙПИДО, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /Reuters/. Мьянмарын удирдагч асан, Нобелийн шагналт Аун Сан Су Чиг шоронгоос гэрийн хорионд шилжүүлсэн тухай цэргийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.


“Цаг агаар хэт халуун байгаа тул энэ шийдвэр нь зөвхөн Аун Сан Су Чид төдийгүй шаардлагатай бүх хүнд хамааралтай бөгөөд ялангуяа өндөр настай хоригдлуудыг наранд цохиулахаас хамгаалахаар ажиллаж байна гэж цэргийн хунтын хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Зав Мин Тун мэдэгдсэн байна. 


Мьянмарын арми 2021 онд төрийн эргэлт хийж засгийн газрыг түлхэн унагаснаас хойш 78 настай Аун Сан Су Чиг хорьж байна. Тэрбээр эх орноосоо урвасан, авлига авсан, харилцаа холбооны хууль тогтоомжийг зөрчсөн зэрэг олон хэргээр 27 жилийн хорих ял сонсоод байгаа юм.


Хоёрдугаар сард Аун Сан Су Чигийн хүү Ким Арис мэдэгдэхдээ “биеийн байдал нь нь өмнөх шигээ сайнгүй байгаа хэдий ч сэтгэл санаа нь сайн байгаа” гэж хэлсэн байв. Дэлхийн улс орнуудын удирдагчид, ардчиллын төлөө тэмцэгчдийн зүгээс түүнийг суллахыг удаа дараа шаардсаар байгаа юм.


Аун Сан Су Чи болон Мьянмарын ерөнхийлөгч асан У Вин Мьин нарыг урьдчилсан нөхцөл болзол тавилгүйгээр суллахыг Мьянмарын Үндэсний эв нэгдлийн "сүүдрийн" засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч уриалсан байна. Ерөнхийлөгч асныг мөн гэрийн хорионд шилжүүлжээ.


Тэднийг шоронгоос гэрийн хорионд шилжүүлж буй нь сайн хэрэг. Учир нь, гэрийн хорионд байх нь шоронгоос хамаагүй дээр. Гэсэн хэдий ч тэднийг ямар ч нөхцөл болзолгүйгээр суллах ёстой. Тэд Аун Сан Су Чи, У Вин Мьин нарын эрүүл мэнд, аюулгүй байдлыг бүрэн хариуцах ёстой" гэж хэвлэлийн төлөөлөгч Киав Зав мягмар гаргийн орой Ройтерс” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна. 

Related news