ДОРНОГОВЬ: Сурагчид дизайн технологийн хичээлээр төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн хийж сурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-04-15 17:46:15

Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын V сургууль дизайн, технологийн танхимыг эмэгтэй болон эрэгтэй сурагчдад зориулан өнгөрсөн онд байгуулжээ.


Дизайн технологийн хичээл нь сургалтын хөтөлбөрт орсон байдаг бөгөөд хүүхдүүдийн сонирхол, авьяас чадварыг хөгжүүлэх, амьдрах ухаанд сургах зорилготой байгуулсан танхимд сурагчид хичээлийн үндсэн цагт болон хичээлийн бус цагаар төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн хийж сурдаг.




"Дизайн технологийн хичээлийг хуваарийн дагуу 200 гаруй хүүхэд тогтмол суралцдаг бол 18 хүүхэд байнгын сурч хөгжиж байна. Тухайлбал, бялуу, нарийн боов, төрөл бүрийн хоол гээд 20 орчим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хийж, туршдаг" хэмээн Сайншанд сумын ерөнхий боловсролын V сургуулийн дизайн, технологийн багш О.Гантушаа өгүүлэв.


Хүүхдүүд өөрсдөө хүнсний бүтээгдэхүүнээ хийж сурснаар энэ чиглэлийн мэдлэг, мэдээллийг олж авахаас гадна эрүүл, стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэж сурч байгаа юм. Тус сургуулийн дизайн, технологийн танхим нь аймагтаа анхных.

Related news