ДУНДГОВЬ: С.Таня агсны нэрэмжит зуун буудалт даамын тэмцээнийг 4 дэх жилдээ зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-15 09:26:55
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 15  /МОНЦАМЭ/. Ардын боловсролын тэргүүний ажилтан, зуун буудалт даамын спортын мастер, шатрын спортын дэд мастер С.Таня агсны нэрэмжит насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээнийг 4 дүгээр сарын 13-14 нд зохион байгууллаа.  


Зуун буудалт даамыг хөгжүүлэх, хүүхэд, залуусыг даамаар тоглох хүсэл эрмэлзэлтэй болгох, ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор 100 буудалт даамын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг түүний нэрэмжит болгон 4 дэх жилдээ зохион байгуулж байна.


Тэмцээнийг С.Таня багш сан, түүний гэр бүл, 1991 оны 10е ангийн төгсөгч шавь нар, аймгийн БТСГ, Монголын даамын холбооны Дундговь дахь салбар, Эрдмийн далай цогцолбор сургууль хамтран зохион байгуулж, 14 байгууллагын эрэгтэй 27, эмэгтэй 15 тамирчин оролцжээ.


Тэмцээний “эрэгтэй” төрөлд тамирчин С.Мөнхбат түрүүлж, Х.Нямдорж, А.Сүхжунай нар удаалж, М.Баасанхүү, ахмад насан С.Өлзийбат нар тусгай байр эзэлсэн бол “эмэгтэйчүүд” төрөлд тамирчин Ц.Энхзаяа түрүүлж, Т.Урангоо, Т.Болормаа нар удаалж, М.Ууганцэцэг, ахмад настан Д.Бат-Өлзий нар тусгай байрт шалгарчээ.


Ардын боловсролын тэргүүний ажилтан, зуун буудалт даамын спортын мастер, шатрын спортын дэд мастер Сампилын Таня 1979 онд Багшийн дээд сургууль төгсөн Эрдмийн далай цогцолбор сургуультай ажил амьдралаа холбон тус сургуульд 39 жил багшилжээ.


Тэрээр математикийн хичээлээр сурагчдыг хөгжүүлээд зогсохгүй шатар, даамын дугуйлан хичээллүүлж, Дундговь аймгийн олон хүүхдийг оюуны спортоор хичээллэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, багш, оюуны спортын дасгалжуулагч байсан юм.


“Багш сонгон”-ы ангийг хоёр удаа төгсгөж, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги удирдаж, математикийн стандартын олимпиадыг санаачлан зохион байгуулж, багш, сурагчдадаа IQ-гийн дугуйлан хичээллүүлдэг байсныг түүний шавь Ц.Батбилэг дурсан ярилаа.


Түүний хөдөлмөр алдрыг мөнхжүүлэх, багш сурагчдад үнэтэй туршлагыг нь өвлүүлэх зорилгоор Эрдмийн далай цогцолбор сургуулийн хамт олон, гэр бүл, шавь нар нь 2020 онд түүний алдрын танхимыг сургууль дээр нь байгуулж, нэрэмжит тэмцээнийг ийнхүү уламжлал зохион байгуулж байна.  







Related news