ӨВӨРХАНГАЙ: Шуурганд төөрсөн 20 иргэнийг эсэн мэнд олов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-04-14 09:41:23

Арвайхээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/.  Энэ сарын 13-ны өдөр нийт нутгаар цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байлаа. Энэ үеэр нутгийн өмнөд хэсэг болох Богд, Баруунбаян-Улаан Төгрөг, Гучин-ус, Баянгол сумын нутгаар салхины хурд 20-25 м/с хүртэл ширүүсэж, аюулын түвшинд хүрсэн байна.

Нутгийн хойд хэсэг Хужирт, Хайрхандулаан, Зүүнбаян-Улаан, Уянга, Арвайхээрт салхины хурд 10-12 м/с, нутгийн зүүн хэсэг Баян-Өндөр, Сант, Баянгол, Өлзийтийн нутгаар 16-18 м/с хүрчээ.


Урьд шөнийн байдлаар аймгийн Онцгой байдлын газарт төөрсөн, сураггүй болсон дөрвөн иргэний дуудлага бүртгэгдсэний дагуу 20 орчим алба хаагч, дөрвөн автомашинтай ажиллаж, иргэдийг эсэн мэнд олсон байна. Богд, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Баян-Өндөр суманд 17 иргэн төөрч, сураггүй болсныг тухайн сум, орон нутгаас ажлын хэсэг гарч, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулснаар иргэдийг эсэн мэнд олж, цасан суусан автомашинуудыг татан гаргасан байна.


Мөн байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Зүүнбаян-Улаан, Тарагт, Хайрхандулаан, Есөнзүйл, Хужирт суманд таван иргэн малдаа яваад төөрсөн гэх дуудлагын дагуу Онцгой байдлын алба, сумдын Онцгой комиссоос эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, иргэдийн амь насыг авран хамгааллаа. 

Related news