Цэцэрлэгийн багш нар тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-04-11 16:06:36

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Монголын багш нарын VIII их хурлын Сургуулийн өмнөх боловсролын салбар хуралдаан Чингис хаан Үндэсний музейн Их танхимд болж байна. 


Энэхүү салбар хуралдаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 1410 цэцэрлэгийн 9733 багшийг төлөөлж 178 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд тэдний 13 хувь нь хувийн өмчийн цэцэрлэгт ажилладаг ажээ.


Салбар хуралдааны төлөөлөгчид сургуулийн өмнөх боловсролын хөгжлийн чиг хандлага, багшийн хөгжил-хамтын ажиллагаа, хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах, үйлчилгээний чанар, багшлах хүний нөөцийн хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, багш нарын хөгжих хэрэгцээ зэрэг асуудлаар хэлэлцэж байна. 


2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллагчдын 32.3 хувь нь /9,733/ үндсэн багш, 28.5 хувь нь /8,592/ багшийн туслах ажиллаж байгаа нь нийт ажиллагчдын 60.8 хувийг эзэлдэг. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байгаа үндсэн багш нарын 12.0 хувь нь магистр, 75.9 хувь нь бакалавр, 4.0 хувь нь дипломын боловсролтой бөгөөд 2020 оныхтой харьцуулахад магистрын зэрэгтэй багш 5.0 хувиар өсжээ.


Монгол Улсын сургуулийн өмнөх боловсролын бодлогын зорилго нь дэлхийн улс орнуудын дэвшүүлэн тавьсан “хөгжлөөс нэг ч хүүхдийг хоцроохгүй байх” Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэж байна. Энэхүү зорилтыг хангахад хүүхэд бүр 2-5 насандаа хүүхдийн эрхэд суурилсан, чанартай боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдах бодлого, арга хэмжээг нийгмийн хувьсал өөрчлөлттэй уялдуулан хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага үүсээд байна. Шинэчлэн батлагдсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд 2-5 настай хүүхэд хамрагдах бөгөөд  5 настай хүүхдийг заавал хамруулахаар хуульчилсан. 

Сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж, элсэлтийн бүртгэлийг цахим технологиор зохион байгуулдаг болсноор хүссэн хүүхэд бүр гэрт ойр цэцэрлэгт хамрагдах боломжийг бүрдүүлжээ. Ингэснээр Монгол Улсын 2-5 насны нийт 302.2 хүүхдийн 89,7 хувь, 5 настай хүүхдийн 94,8 хувь нь 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. 

Цаашид хүүхэд бүрийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулан сургах, нэг бүлэгт байх хүүхдийн тоог бууруулах, ялангуяа төвөөс алс өрхийн хүүхдийн хөгжлийг дэмжих,  бага боловсролд элсэн суралцаж байгаа хүүхдийн хөгжлийн тэгш бус байдлыг арилгах, багшийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, багш бэлтгэх сургалтын чанарыг сайжруулах зэрэг үйлчилгээний чанарт чиглэсэн бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа тухай салбар хуралдааны хэлэлцүүлгийн үеэр яригдлаа.


Сум, аймаг, нийслэлээс сонгогдсон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 5 багш нийт багш нараа төлөөлөн панелистаар оролцож  багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчийн харилцаа, багшид тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Салбар хуралдааны төгсгөлд оролцогчид нээлттэй ярилцан санал бодлоо хуваалцан саналаа нэгтгэн нэгдсэн хуралдаанд хүргүүлж, Их хурлаас гарах бодлого, шийдвэрт тусгуулах юм.




Related news