Нэг кг үхрийн цул мах ноднингийн мөн үеийнхээс 15.7 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-04-11 09:55:04

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Инфляц 2024 оны 3 дугаар сард 7 хувьтай гарлаа. Энэ нь 2023 оныхоос өсөлтийн хурд 5.2 нэгж хувиар саарсан үзүүлэлт юм.

Ингэж инфляцын өсөлтийн хурд саарахад:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 9.8 хувь ,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь,
  • Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 5.6 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.8 хувь,
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.8 хувь,
  • Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ16.8 хувьтай гарсан нь нөлөөлжээ.

Харин 2024 оны 3 дугаар сард 2 дугаар сарынхаас 0.9 хувиар өгсөхөд:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.9 хувь,
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.6 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 1.0 хувиар нэмэгдэн нөлөөлсөн гэнэ.

Улсын инфляцад:

  • Бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.5 нэгж хувиар (35.4%),
  • Мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3. 5 нэгж хувиар (50.3%) нөлөөлөв.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнээр тооцдог  инфляц байнгын хөдөлгөөнд байдаг бололтой.


Улаанбаатарт мах, махан бүтээгдэхүүний үнэ 2024 оны 3 дугаар сард 2023 оныхоос 10.9 хувиар өсөхөд:

  • Үхрийн махны үнэ 13.8 хувь,
  • Хонь, ямааны махны үнэ 9.8 хувь,
  • Адууны махны үнэ 4.0 хувь,

Харин талх, гурил, будааны бүлгийн үнэ 14.7 хувиар өсөхөд:

  • Будааны үнэ 5.7 хувь,
  • Гурил 17.4 хувь, талх, нарийн боов 16.5 хувь,
  • Гоймон 12.8 хувийн нөлөө үзүүлсэн байх юм.

Улаанбаатар хот хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 3 дугаар сард 2 дугаар сараас 0.8 хувь, 2023 оны эцсээс 2 хувиар өслөө.


Хотын инфляцад:

  • бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.3 нэгж хувь (33.3%),
  • мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.5 нэгж хувиар (50.4%) нөлөөллөө.

Мөн 2024 оны 3 дугаар сард хэрэглээний сагсны 404 нэрийн бараа, үйлчилгээнээс 83 бараа, үйлчилгээний үнэ 2 дугаар сараас өсөж, 78 бараа, үйлчилгээний үнэ буурч, 243 бараа, үйлчилгээний үнэ өөрчлөгдсөнгүй.


Улаанбаатар хотод худалдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ 2024 оны 3 дугаар сард 19673 төгрөг болж, 2022 оны 3 дугаар сарынхаас 20.3 хувиар, 2023 оны 3 дугаар сараас 15.7 хувиар 2024 оны хоёрдугаар сарынхаас 467 төгрөгөөр өссөн байна.


Нэгдүгээр зэргийн гурилын дундаж үнэ 2024 оны 3 дугаар сард 2426 төгрөг болж, 2022 оны 3 дугаар сараас 72.7 хувиар, 2023 оны 3 дугаар сараас 8.4 хувиар 2024 оны 2 дугаар сараас өөрчлөгдсөнгүй.


Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2024 оны 3 дугаар сард 2390 төгрөг болж, 2022 оны 3 дугаар сараас 0.4 хувиар өссөн. Харин 2023 оны 3 дугаар сар болон 2024 оны 2 дугаар сарынхаас нэмэгдсэнгүй.


Аймаг (орон нутаг)-т хэрэглээний сагсны 313 бараа, үйлчилгээгээр тооцдог.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024оны 3 дугаар сард бүх аймагт 2023 оныхоос 4.0-10.3 хувиар өссөн. Завхан аймагт 2024 оны 3 дугаар сард  хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 4.0 хувиар өссөн нь хамгийн бага, Өвөрхангай аймагт 10.3 хувиар өссөн нь хамгийн өндөрт тооцогдов.


Хэрэглээний сагс: Үнийн индекс тооцох зорилгоор бүрдүүлсэн дундаж өрхийн хэрэглээг төлөөлөх чадвартай, хүн амын өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний нэр төрлийн жагсаалтыг ойлгоно.

Хэрэглээний бараа, үйлчилгээний жин: Өрхийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нийт зардалд тухайн бараа, үйлчилгээний зардлын эзлэх хувь.

Хэрэглээний үнийн индекс: Хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл,чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмжих үзүүлэлт бөгөөд нийт өрхөөр тооцсон үнийн өөрчлөлтийг харуулна

Хэрэглээний үнийн индексийн сагсны төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх, үнэн зөв байдлыг хангах үүднээс хэрэглээний сагс, жинг 5 жилд нэг удаа шинэчилдэг. Хэрэглээний үнийн индексийг тооцохдоо бараа, үйлчилгээний геометр дундаж үнийг ашигласан. Мөн аймгийн дундаж үнийг тооцохдоо сонгогдсон 112 сумын үнийн мэдээллийг хамруулжээ. Хөдөө аж ахуйн гол нэр төрлийн барааны үнийг сум, аймаг, дүүрэг, нийслэлээс сар бүр цуглуулдаг гэж Үндэсний статистикийн хороо тайлбарлажээ.

Related news