Төв, зүүн аймгуудын нутагт олон жилийн дунджаас ахиу бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-09 10:37:32

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас 5, 6, 7 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ.


Ирэх сард нутгийн баруун хагаст, зургадугаар сард баруун аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, долдугаар сард нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин тавдугаар сард баруун аймгуудын нутгаар дунджаас бага, нутгийн зүүн хойд хэсгээр дунджаас ахиу, зургадугаар сард төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, долоодугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад хугацаанд болон бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хаврын сүүл сар болон зуны саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас их бороо орох орох төлөвтэй байна.


Аймгаар нь авч үзвэл, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Хөвсгөлийн зүүн, Булган, Сэлэнгийн нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас их бороо орно. Тэгвэл зургадугаар сард Төвийн ихэнх, Сэлэнгийн зүүн, Дундговь, Дорноговийн хойд хэсэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас ахиу бороо орох төлөвтэй аж.


Долдугаар сард Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна. Харин Завханы зүүн, Өвөрхангай, Сүхбаатарын хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар бороо ихтэй зун байх нь ээ.

 

Related news