Эпл компани гэрийн ажилд туслах робот бүтээхээр судалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
khulan@montsame.gov.mn
2024-04-04 14:44:03

САН-ФРАНЦИСКО, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /AFP/. "Эпл" компани цахилгаан автомашин зохион бүтээх төслөө орхисныхоо дараа гэрийн ажилд туслах робот бүтээхээр судалж байгаа тухай Bloomberg агентлаг судалгааны багийнханд ойр эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ.


Тодруулбал, тус компанийн инженерүүд хэрэглэгчдийг гэрийнх нь эргэн тойронд дагаж явж чаддаг робот бүтээх аж. 


Энэ оны хоёрдугаар сард "Эпл" компани цахилгаан машин зохион бүтээх Тусгай төслүүдийг хариуцсан багийн үйл ажиллагааг зогсоожээ. Олон мянган ажилтантай уг нууц хөтөлбөрийн тухай мэдээлэл анх 2014 онд тус компани автомашины инженерүүдийг ажилд авсны дараа цацагдсан билээ.


"Эпл"-ийн автомашины төсөл нь үйл ажиллагаагаа шинэ бүтээгдэхүүний зах зээл рүү тэлэх гэсэн зорилгоос үүдэлтэй  байв. Сүүлийн жилүүдэд тус компани ухаалаг цаг, виртуал бодит байдлын төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүнүүдэд ихээхэн хөрөнгө оруулсан юм. Гэхдээ виртуал төхөөрөмжөөс их хэмжээний орлого олоход хэдэн жилийн хугацаа шаардлагатай.


Гэрийн ажилд туслах робот бүтээх "Эпл"-ийн төслийг техник хангамжийн инженерийн хэлтэс болон түүний хиймэл оюун ухаан, машин сургалтын хэсэг хариуцаж байгаа ажээ. Харин уг төсөл судалгаа, хөгжлийн эхний шатандаа явж байна.


Технологийн бусад компаниуд ч мөн гэрийн ажилд тусалдаг роботуудыг зохион бүтээхээр ажиллаж байгаа юм. Тухайлбал, Амазон компани 1600 долларын үнэтэй Астро роботоо 2021 онд танилцуулж байсан бөгөөд уг робот нь  тодорхой командуудад хариу өгч чаддаг, дугуйтай ухаалаг дэлгэц юм. 


"Эпл" компани дээрх мэдээнд тайлбар өгөхөөс татгалзжээ.

Related news