БНАрдчилсан Конго улсын Ерөнхий сайдаар анх удаа эмэгтэй хүн томилогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-04-02 16:21:50

КИНШАСА, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /AFP/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Төлөвлөлтийн сайд Жудит Суминва Тулука тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдсон тухай төрийн мэдлийн телевиз мэдээлжээ.


Эдийн засагч мэргэжилтэй тэрбээр өнгөрсөн 12 дугаар сарын 20-нд Ерөнхийлөгч Феликс Чисекеди сонгогчдын дийлэнх олонхын саналаар улиран сонгогдсоны дараа Жан-Мишель Сама Лукондегаас Ерөнхий сайдын халааг авч байна. 


Ерөнхийлөгчийн сонгуульд Ф.Чисекеди 73.47 хувийн саналаар ялсан бөгөөд хүчирхийлэл, тогтворгүй байдалд удаан хугацаанд нэрвэгдсэн тус улсад санал хураалт ерөнхийдөө тайван явагджээ. Харин сөрөг хүчнийхэн "сонгуулийг эрх баригчид луйвардсан" гэж мэдэгдсэн байна. Логистикийн асуудлаас шалтгаалан санал хураалтыг албан ёсоор нэг өдрөөр сунгасан бол алслагдсан бүс нутгуудад санал хураалт хэд хоногийн дараа эхэлжээ.


Ф.Чисекедиг дэмждэг намууд парламентын суудлын 90 гаруй хувийг авсан нь түүнд хуулийг саадгүй батлах боломжийг олголооШинэ Ерөнхий сайдын хувьд, ерөнхийлөгчийн зарлан тунхаглаж байсанчлан ажил эрхлэлт, залуучууд, эмэгтэйчүүдтэй холбоотой асуудлууд, 100 сая орчим хүн амтай тус улсад үндэсний эв нэгдлийг хангах зэрэг тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх үүрэг хүлээж байна.


Ф.Чисекеди анх 2019 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд ашигт малтмалын баялаг ихтэй боловч хүн амын дийлэнх нь ядууралд нэрвэгдсэн Ардчилсан Конго дахь амьдралын нөхцөлийг сайжруулж, зүүн нутагт 25 жилийн турш үргэлжилсэн цус урсгасан сөргөлдөөнийг зогсоохоо амлажээ. Хэдийгээр Ф.Чисекеди эдгээр амлалтаа биелүүлж чадаагүй боловч анхан шатны эмнэлгийн тусламжийг үнэ төлбөргүй болгох зэрэг ололт амжилтаа онцолж, үүнийгээ бататгахын тулд дахин сонгогдох хүсэлтэй байгаагаа кампанит ажлынхаа үеэр илэрхийлж байв.  


НҮБ-ын мэдээллээр, дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг болох Ардчилсан Конго улсад мөргөлдөөний улмаас 7 сая орчим хүн дотооддоо дүрвэжээ. Руанда улсаас дэмжлэг авсан босогчдын "M23" бүлэглэл сүүлийн хоёр жилийн хугацаанд Хойд Киву мужийн багагүй эзлэн авсны дараа тэнд аюулгүй байдал улам дордсоор байна.



Related news