ОРХОН: 168 айлын орон сууцны шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-03-31 16:30:45
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Уурхайчин багийн "Тамир" зочид буудлын урд 1,3 га талбайд 168 айлын  орон сууц барих “E kannam” төслийн нээлт өнөөдөр боллоо. 


Орхон аймаг 2021 оноос хот, суурин газрыг дахин хөгжүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, төлөвлөх  ажлыг эхлүүлсэн.


Үүний нэг нь Уурхайчин багийн "Тамир" зочид буудлын урд байрлах 118 айлын гараашийн 1,3 га талбайг  хуулийн хүрээнд чөлөөлж, гарааш эзэмшигч 62 иргэнээс 51 иргэн төслийн санал хураалтад оролцож, 85,9 хувийн саналаар төсөл дэмжигдсэн  юм. 


Нийт гурван блок 16 давхар 168 айлын орон сууцны барилгын ажил өнөөдрөөс эхэлж, ирэх оны гуравдугаар улиралд дуусна. Уг барилга хоёр давхар автомашины зогсоолтой, худалдаа үйлчилгээ, оффисын зориулалттай заал танхимтай  байх юм. 


Төслийн гүйцэтгэгчээр “Таван хан энержи” ХХК болон “BK Монголиа” ХХК, төслийн хөрөнгө оруулагчаар “BK Холдингс” ажиллаж байна. 


Related news