ХӨВСГӨЛ: “Маанар” төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-03-20 19:48:27

Мөрөн, 2024 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Алслагдсан бүс нутгийн иргэдийн мэдээлэл харилцааг бэхжүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Баянзүрх, Рэнчинлхүмбэ, Цагааннуур суманд “Маанар” төсөл хэрэгжиж байна.


Төслийн хүрээнд орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэж, мэдээлэл арга зүйгээр ханган, сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулах, цаатан иргэдийн амьдарч буй алслагдсан тайгын иргэдэд олон нийтийн ажилтан бэлтгэх юм.


Төсөл хэрэгжсэнээр коронавирустэй төстэй ямар нэгэн халдвар тархахад алслагдсан бүс нутгийн иргэд мэдээлэл харилцааны чадавхтай болно.


Бэлтгэгдсэн олон нийтийн, эрүүл мэндийн ажилтнаар дамжуулан иргэдэд халдварт өвчнөөс хамгаалах мэдлэг түгээх сүлжээ бий болох юм.



Мөн Дархадын 4 сум эрсдэлийн үеийн мэдээлэл харилцааны төлөвлөгөөтэй болж, ямар нэг эрсдэл гарахад иргэд хаанаас мэдээлэл авах, хаана хандахаа мэдэж өөрсдөө оролцох эхлэлийг бий болгох юм.


Төслийг Эрүүл мэндийн яамны захиалга, Дэлхийн банкны санхүүжилтээр “Сумын эрүүл мэндийн төв хөгжлийн түлхүүр” ТББ аймгийн ЭМГ-тай хамтран хэрэгжүүлж байна.


“Маанар” гэдэг “Бид нар” гэсэн утгатай дархад аялгууны үг юм. 

Related news