ЗАВХАН: Үерийн улмаас зам гүүр эвдрэх эрсдэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-15 16:51:34

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Завхан аймаг үерийн дунд эрсдэлтэй үнэлэгдэж, урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж байна.


Завхан аймгийн нутаг дэвсгэр Хангайн нурууны усны хагалбар савд багтдгаас усан хангамж нь байгаль газар зүйн бүс болгонд харилцан адилгүй байдаг.


Хангайн гол нуруунаас эх авсан Идэр, Тэс, Буянт, Завхан голтой. Эдгээр голуудад Тэгш, Чигэстэй, Богд, Шар ус, Буянт, Ширээ, Яруу, Зайгал, Хацавч, Зарт, Хожуул зэрэг гол цутгадаг.


Аймгийн төв, Улиастай суманд хуучин 4.54 км үерийн усны далан байдаг боловч үүнээс 2.7 км-ийг ашиглаж байгаа. Мөн 1.84 км далан ашиглалтын шаадлага хангахгүй байна. Улиастай сумын төвөөр Богд, Чигэстэй гол урсдаг бөгөөд хавар, зуны улиралд их үерлэдэг.




Жил бүрийн өвөл, хаврын улиралд огцом дулаарах, гэнэт хүйтрэх зэрэг цаг агаарын шинж байдлаас шалтгаалан Богдын гол дагуу халиа дошин ихээр үүсэж, Богдын гол багийн голын ай сав дагуу буусан айл өрхүүд шар усны үерт өртдөг.


Үерийн эрсдэлийг индексийн аргаар тодорхойлоход Улиастай, Тосонцэнгэл сум их, 14 сум дунд, 8 сум бага, аймгийн дунджаар 40.4 оноотойгоор дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байна.


Мөн үерийн улмаас Загастайн давааны Мөрөн-Тэлмэний 110 кВ, Улиастай-Яруу 35 кВ, Улиастай-Алдархаан 35 кВ-ын ЦДАШ-д гэмтэл гарах, тулгуур унах эрсдэлтэй байна.


Уруйн, шар усны үерийн үед зам, гүүр, цахилгаан, холбоо, усан хангамж гэх мэт дэд бүтцийн шугам сүлжээ, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн эд хөрөнгө сүйдэх зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг тул эрсдэл их, дунд гарсан сумдад эрсдэлийг бууруулах арга хэмжээг Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн шаардлагын дагуу төлөвлөн авч байна.


Мөн үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааг хийх. Үерийн ус зайлуулах байгууламжийг хүчитгэх, ус зайлуулах суваг хоолойг шинээр барих. Үерийн ус урсах жалга судгийн урсцын чигийг өөрчлөх далан шинээр байгуулах. Мөн үерийн аюултай бүсэд байгаа айл өрхүүдэд албан мэдэгдэл хүргэж, заавар зөвлөмж өгч, нүүлгэн шилжүүлж эрсдэлийг бууруулах ажлыг хийж байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 

Related news