БУЛГАН: Аймгийн онцгой комиссын бүрэлдэхүүн Баяннуур суманд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-02-19 13:11:38

Булган, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Баяннуур сумын Шар тал, Хан Шахайт багуудын нутаг дэвсгэрт 440 малчин болон мал бүхий өрхийн 143420 тоо толгой мал, үүнээс адуу 8767, үхэр 11680, тэмээ 442, хонь 74703, ямаа 47828 толгой мал цагаан зудын түвшинд өвөлжиж байна.


Сумын нутаг дэвсгэрт 25 удаа цас орж, 8 удаа шуурснаар тал газартаа 30-40 см, гуу жалганд хунгарын хэмжээ 90-150 см байна.  Бусад нутгаар тал газартаа 25-30 см, гуу жалганд 60-80 см хунгартай байна. Өвлийн улиралд -30 градусаас дээш хүйтэрсэн 39 хоног байсан ажээ.

 

Шуурганаар хаагдсан зам давааг гаргах, малчдыг нүүлгэх, өвс тэжээл хүргэхээр Орхон аймгийн 186-р цэргийн ангийн болон Булган аймгийн ОБГ-ын ЗИЛ-131 автомашинаар 5 өдөр ажиллаж, нийт 450 км замыг гаргаж, энэ зардалд сумын Засаг даргын нөөц сангаас болон ЗДТГ-ын шатахууны зардлаас 10,1 сая төгрөгийг зарцуулаад байна.


Булган аймгийн Баяннуур тэжээлийн аж ахуй 1976 онд анх байгуулагдаж, 1979 оноос Тэжээлийн аж ахуйн тасгийг өргөтгөн бие даасан Баяннуур сум болсон бөгөөд Өлзийт, Шар тал Хан шахайт гэсэн 3 багтай 1900 хүн амьдардаг сум юм.

Хүн амын 471 өрхийн 1150 хүн буюу нийт 60 хувийг хөдөөгийн багийн малчид эзэлж байна.

Тус сум нь Булган аймгийн төвөөс зүүн урагш 180 км зайтай, Улаанбаатар хотоос баруун тийш 190 км зайтай хойноос урагш сунаж тогтсон байршилтай Төв аймгийн Заамар, Эрдэнэсант, Лүн, Өндөрширээт, Булган аймгийн Дашинчилэн сумтай хиллэдэг.

Нийт 96017 га газар нутагтай. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхэлдэг байна.


Одоогийн байдлаар Баяннуур суманд зудын эрсдэлээр адуу 506, үхэр 1005, хонь 14922, ямаа 8501, нийт 24934 толгой мал зүй бусаар хорогджээ.

Сумын нийт мал сүргийн 17 хувь нь хорогдсон бөгөөд нэг өрхийн дунджаар 56 мал хорогдсон байна. Хамгийн их малын зүй бус хорогдолтой өрх 147 малтайгаас 104 мал нь хорогдсон мэдээтэй байгааг Булган аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.


Related news