Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-02-01 09:50:29

ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 1 /CNBC/. АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Бодлогын хүүг бууруулахаас өмнө инфляц буурч байгаа гэдэгт илүү итгэлтэй байх хэрэгтэй гэж тус сангийн бодлого тодорхойлогчид дүгнэжээ. 


Хоёр өдрийн турш үргэлжилсэн мөнгөний бодлогын асуудлаарх хурал дууссаны дараа ХНС лхагва гарагт дээрх мэдэгдлийг хийсэн байна. Бодлого тодорхойлогчид хүүг хэд хэдэн удаа өсгөх замаар инфляцыг бууруулахыг оролдсон юм. Улмаар тодорхой хэмжээний амжилтад хүрсэн нь бодлогын хүүг бууруулна гэх хүлээлтийг хөрөнгө оруулагчдад үүсгээд байна. Энэ удаад ХНС бодлогын хүүгээ дөрөвдэх удаагаа хэвээр үлдээлээ.


ХНС-гийн дарга Жером Пауэлл хэлэхдээ, өнгөрсөн нэг жилийн хугацаанд инфляц буурсан хэдий ч өндөр хэвээр байгааг онцлон тэмдэглэжээ. Тэрбээр цааш нь ярихдаа “бид өдийг хүртэлх хугацаанд гарсан ахиц дэвшилд урамшиж байна. Гэвч ялалтаа зарлах цаг хараахан болоогүй, бидний явах зам урт байна хэмээн нэмж хэллээ.


Ж.Пауэлл болон бусад бодлого тодорхойлогчдын хувьд, инфляц дахин өсөх эрсдэлтэй гэж үзэж байгаа тул бодлогын хүүг бууруулах гэж яарахгүй байгаа бөгөөд ирэх гуравдугаар сард болох ХНС-гийн дараагийн хурлаар хүүг бууруулах магадлал бага гэдгийг дурдсан байна. 




 

 

Related news