ДАРХАН-УУЛ: Аймгийн музей энэ онд соёлын биет бус өвийн өвлөн тээгчидтэй хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-01-25 18:56:53

Дархан, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн музей Соёлын биет бус өвийг судлах, хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, өвлөн уламжлагчдыг алдаршуулах, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах зорилгоор өвлөн тээгчидтэй хамтран ажиллаж эхэлжээ. 


Энэ хүрээнд иргэдийг татан оролцуулж, аймгийн хэмжээнд бүртгэлтэй өвлөн уламжлагчидтай долоо хоног бүр сургалт, лекц, яриа хийж байна.




Өвөг дээдсээс уламжилж ирсэн эрдэм мэдлэг, өв, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор сүү, цагаан идээг хэрхэн боловсруулах тухай уламжлалт арга технологийг практикт хослуулах, монгол ёс, зан заншлын тухай сонирхолтой лекц,  сургалтуудыг энэ сарын 13-ны өдрөөс зохион байгуулж байна.




Харин энэ удаад “Эрүүл аж төрөх ёс” сэдвийн хүрээнд соёлын биет болон биет бус өвийн өвлөн уламжлагч удган, оточ О.Туултай хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн лекц өвчнийг хэрхэн эмчлэх, хэрхэн зөв хүн байх, нийгмийг харах өнцөг, зөв орчин зэрэг сэдвийн хүрээнд болсон бөгөөд 30 орчим иргэн хамрагдлаа.




О.Туул нь долоо дахь үеийн оточ, удган бөгөөд өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн соёлын биет болон баримт бичгийн өөрт хадгалагдаж буй өвийг дэлгэн харуулсан нь ирсэн зочдод сонирхолтой байна гэж зохион байгуулагчид онцоллоо.




Монгол Улсын хилийн заставын анхны офицеруудын гэрэл зураг, тан хадгалах уут, уур, нүдүүр, данх гээд XIX зуунаас эхлэн уламжлагдаж ирсэн ховор бүтээлийг тэрбээр 40 орчим жил хадгалан, хамгаалж байгаа аж.




Аймгийн хэмжээнд соёлын биет бус өвийн 84 өвлөн уламжлагч бүртгэлтэй байдаг. Цаашид энэ тоо нэмэгдэх бөгөөд бүртгэлтэй иргэдтэй хамтран бүтэн жилийн турш сонирхолтой байдлаар үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн гэж музейн бүртгэл мэдээллийн санч М.Мөнхтуяа мэдээлэв.




Биет бус өвд Монголын ард түмний оюун санаагаар бүтсэн эх хэл, ардын зан заншил, мэдлэг ухаан, дуу хөгжим, наадам, ардын арга ухаан, уламжлалт технологи зэрэг соёлын өвийн олон төрөл багтдаг.




Соёлын өвийг хамгаалах тухай хуульд "Ард түмний билэг авьяас, мэдлэг, туршлага, эрдэм ухаан, ур чадварын тодорхой илэрхийлэл болон биет бусаар өвлөн уламжлагдаж ирсэн түүх, угсаатны судлал, ардын билэг, зан үйл, ур хийц, арга барил, дэг сургууль, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий оюуны соёлын үнэт зүйлийг соёлын биет бус өвд хамааруулна" гэж заажээ.

 

 

Related news