АРХАНГАЙ: Зудын эрсдэл ихтэй 10 сум байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-23 16:27:04

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 19 сумын 101 багийн 8.2 мянган хот айлд 19.7 мянган малчин, мал бүхий өрхөд 4.8 сая толгой мал өвөлжиж, хаваржина.  

 

2024 он гарсаар том малын зүй бус хорогдлоор нийт 22294 толгой мал хорогдсон байна. Үүнээс тэмээ 1 толгой, адуу 1025 толгой, үхэр 5906 толгой, хонь 9077 толгой, ямаа 6285 толгой хорогджээ.

 

Бэлчээрийн даацыг аймгийн нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс харахад өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 30 гаруй хувьд хүрэлцээтэй, харин 70 орчим хувьд нь хэтэрч гарсан ба өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд Цахир, Хангай, Тариат, Өндөр-Улаан, Жаргалант, Эрдэнэмандал, Хайрхан, Цэцэрлэг, Ихтамир, Өлзийт сум зудын эрсдэл хамгийн ихтэй байгааг аймгийн ХХААГ-аас мэдээллээ.


Сумдын аюулгүйн нөөцөд 946.3 тн өвс, 453 тн тэжээл бэлэн байна. Өнгөрсөн 12 дугаар сард Улсын онцгой комиссоос өвөлжилт хүндэрсэн 11 суманд 316 тн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгосон бол энэ сард мөн Улсын онцгой комиссоос 220 тн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгоод байна.

Related news