АРХАНГАЙ: Оны шилдгүүдийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-12-20 16:18:48
Ерөнхий боловсролын 5-р сургуулийн сурагчдын дотуур байрны хамт олон

Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 32 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдгийг шалгаруулах “Гоо даль” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.  

 

Гоо даль”-иар 17 номинацид шилдгүүдийг шалгаруулдаг. Оны шилдэг хүүхдүүд, хүүхдэд ээлтэй сургууль, цэцэрлэг, дотуур байр, шилдэг эцэг, эхийн зөвлөл, хамтарсан баг, нийгмийн ажилтан, залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөл, залуучуудын хөгжлийн зөвлөлийг тус тус шалгарууллаа.

 

Сурагчдыг сурлага, урлаг, уран бүтээл, спорт, хүмүүнлиг, энэрэнгүй үйлстэн, байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин, хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага, эх орны түүх соёл, өв уламжлал зэрэг төрөлд шилдгүүдийг шалгаруулсан юм.

 


Онцолбол, Эрдэнэбулган сумын Ганзоригийн нэрэмжит 1-р сургуулийн 12 ангийн сурагч О.Баярчулуун байлаа. О.Баярчулуун өвөг дээдсээс өвлөгдөн бидний үед уламжлан ирсэн “Монголын нууц товчоо” сонгомол зохиолыг бүрэн эхээр нь монгол уран бичгээр бичиж, өв соёлоосоо суралцан, үе тэнгийнхнээ манлайлсан явдал юм. Уг бүтээлийн өргөн нь 8 метр, урт нь 1.7 метр юм.

 

Шилдэг сурагчдаас гадна оны шилдэг нийгмийн ажилтнаар Төвшрүүлэх сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан М.Одгэрэл, хүүхдэд ээлтэй сургуулиар Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, хүүхдэд ээлтэй цэцэрлэгээр Эрдэнэмандал сумын Хүүхдийн цэцэрлэг, хүүхдэд ээлтэй дотуур байраар Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 5-р сургуулийн сурагчдын дотуур байр, шилдэг эцэг эхийн зөвлөлөөр Тариат сумын Мөрөн багийн Ерөнхий боловсролын сургуулийн эцэг эхийн зөвлөл, Залуучуудын хөгжлийг дэмжих шилдэг салбар зөвлөлөөр Хангай сум, Залуучуудын хөгжлийн шилдэг зөвлөлөөр “Шүүхийн шийвэр гүйцэтгэх газар”-ын ахлагчийн зөвлөл шалгарлаа.

Related news