И.Маск техник технологийн цогцолбор сургууль нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-12-16 12:56:22

НЬЮ-ЙОРК. 2023 оны арванхоёрдугаар сарын 16 /Bloomberg/. Америкийн тэрбумтан Илон Маск Техас муж улсын Остин хотод техникийн чиглэлийн сургууль, их сургууль нээхээр төлөвлөж байна. 


Энэ талаар Bloomberg агентлаг түүний үүсгэн байгуулсан "The Foundation" буяны сангийн татварын тайлангаас эш татан бичжээ. Тодруулбал, И.Маск бага, дунд сургууль бүхий цогцолбор сургууль байгуулахад 100 орчим сая долларын хөрөнгө оруулсан байна. Тус сургууль шинжлэх ухааны чиглэлийн STEM боловсролын загварыг ашиглах бөгөөд нэгдүгээр ангид 50 хүүхэд элсүүлэхээр төлөвлөжээ. 


Тус сургуулийг амжилттай эхлүүлсний дараа цаашдаа боловсролын үйл ажиллагааг өргөжүүлэн "боловсролын чиглэлээр хамгийн дээд түвшинд мэргэшсэн" их сургуулийг байгуулахаар төлөвлөсөн байна. 


Бодит тохиолдлуудад дүн шинжилгээ хийх, загварчлах, туршилтын дизайны төсөл боловсруулах, лабораторийн туршилт зэргийг сургалтын хөтөлбөрт багтаажээ. 


Эхний ээлжинд сургалтыг үнэ төлбөргүй явуулна. Цаашдаа сургууль, их дээд сургуулийг төлбөртэй болгохын зэрэгцээ оюутнуудад тэтгэлэг олгоно.


Энэ бол И.Маскийн нээж буй анхны сургууль биш юм. Тэрбээр 10 орчим жилийн өмнө Калифорни дахь SpaceX кампус дээрээ өөрийн таван хүүхэд болон компанийн ажилчдын хүүхдүүдэд зориулан Ad Astra сургуулийг байгуулжээ. И.Маск 2020 онд Техас руу нүүх үед сургууль ч мөн нүүсэн байна.

Related news