ЗАВХАН: Хойд болон зүүн бүсийн 9 сум зудын эрсдэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-12-01 14:34:40

Улиастай, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Тус аймгийн зургаан сумын орон нутгийн чанартай зам даваа хаагдсан байдалтай байна.


Аймгийн Онцгой комиссын 12 дугаар хурал болж, цаг үеийн асуудлаар ярилцан, хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.


Аймгийн нийт газар нутгийн 100 хувьд цасан бүрхүүл тогтсон, цасны зузаан 2-30 см байна. Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Идэр, Нөмрөг сумын хойд хэсгээр зудын байдалтай байна.


12 дугаар сарын 1-нээс цаг агаар тогтворжих боловч 5-ны өдрөөс эрс хүйтэрнэ. Сарын сүүлчээр хур тунадас орж, олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Тиймээс зудын эрсдэл их байгаа сумдад цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шаардлагатай арга хэмжээг авах талаар ярилцлаа.


Аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн 44 автомашин байгаа бол автомашингүй таван сум байна.


УИХ-ын гишүүд, аймаг орон нутгаас ЭМЯ-нд удаа дараа хүсэлт гаргасны үр дүнд Баянхайрхан, Яруу, Тосонцэнгэл сумын автомашиныг шийдвэрлүүлж, худалдан авах ажиллагааг орон нутагт тендер зарлан зохион байгуулахаар болжээ.


Өнөөдрийн байдлаар зургаан сумын орон нутгийн чанартай хэд хэдэн зам даваа, дөрөлж хаагдсан байдалтай байна. Дээрх зам даваануудыг орон нутгийн нөөц боломж, техник хэрэгсэл болон авто замын засвар арчлалтын компаниудын дэмжлэгээр нээх ажлыг явуулж байна.


Энэ жил гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байгаа бол хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон төлөвт байгаа (tsag-agaar.gov.mn), нэгжийн ургац бага, малын тоо ихтэй, цас эрт орж, хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байна.


Зудын эрсдэл ихтэй бүс нутгаар малын тарга хүч дутуу, мал борлуулах зах зээл байхгүй, өвс тэжээл үнэтэй, малчид мөнгөжих боломж муутай байгаа нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлсээр байна.


Цаашид цас орох, зузаан нь нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр нөхцөл байдал хүндрэх тухай бүрд зудын эрсдэлийн дүн шинжилгээг тухай бүр хийж холбогдох шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллахаар болсон тухай аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.


Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд, Цагаанхайрхан сум зузаан цастайн улмаас цагаан зудын, Завханмандал, Тэс, Баянтэс, Сантмаргац сум цагаанаар зудархуу байна. 


Related news