ЗАВХАН: Эм бэлдмэлд тэсвэртэй болсон бичил биет хүн, мал, амьтны эрүүл мэндэд онцгой хор аюултай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-22 17:31:24

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног” үргэлжилж байна.

Энэхүү аяныг жил бүрийн 11 дүгээр сарын 18-24-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр гэсэн олон улсын дөрвөн байгууллага уламжлал болгон дэлхий даяар тэмдэглэдэг. 

Аяны талаар болон бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг Завхан аймгийн Мал эмнэлгийн газрын лабораторийн эрхлэгч Х.Энхтөрөөс тодруулга авлаа.

 

-Бичил биетний тэсвэржилт гэж юу юм бэ?

-Бичил биетний тэсвэржилт гэдэг нь өвчин үүсгэгч нян, вирус, шимэгч хорхой, мөөгөнцөр зэрэг бичил биетэн бичил биетний эсрэг эмэнд дасал болж эмчилгээ, үйлчилгээ үр дүнгүй болохыг хэлнэ. 


Бичил биетэн гэдэгт нян, вирус, мөөгөнцөр, шимэгчийг хамааруулах бөгөөд бичил биетнийг устгадаг эсвэл түүний үржил, хөгжлийг нь саатуулах үйлчилгээ үзүүлдэг аливаа эм, бэлдмэлийг бичил биетний эсрэг эм (ББЭЭ) гэнэ. 


Хүн, малд хамгийн өргөн хэрэглэдэг бичил биетний эсрэг эм бол та бидний сайн мэдэх антибиотик байна. Бичил биетний эсрэг эм, бэлдмэлийг тун, хэмжээ хэтрүүлэн хэрэглэх, эсхүл дутуу, буруу давтамжтай хэрэглэх нь бичил биетэн түүнд дасаж тэсвэртэй болох шалтгаан болдог юм. Эм бэлдмэлд тэсвэртэй болсон бичил биетийг устгах нь төвөгтэй бөгөөд хүн, мал, амьтны эрүүл мэндэд онцгой хор аюултай байдаг. 

-Бичил биетний тэсвэржилт ямар эрсдэлийг дагуулдаг юм бол?

-Антибиотик, шимэгч хорхой болон мөөгөнцрийн эсрэг бэлдмэл, тариалангийн хортон шавж устгагч бэлдмэл зэрэг бичил биетийн эсрэг эмийн үйлчилгээний үр дүн буурч, аливаа өвчин, халдвартай тэмцэх үйл ажиллагаа хүнд сорилттой тулгардаг.

Үүний улмаас хүний эмчилгээ үр дүнгүй болж нас баралт нэмэгдэх, малын өвчлөл хорогдол ихэснэ гэсэн үг.


Тухайлбал, дэлхий дээр жил бүр 700 мянга орчим хүн бичил биетийн тэсвэржилтийн улмаас нас барж байна. Бичил биетний талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлэхгүй бол энэ тоо 2050 он гэхэд жилд 10 саяд хүрэх цочирдом судалгаа ч бий. 


Дэлхий нийтэд мал, амьтны эмчилгээнд болон газар тариаланд хэрэглэсэн бичил биетний эсрэг эмийн үлдэгдэл хүнсээр дамжин хүний биед орж бичил биетний эсрэг эмийн дасал болох эрсдэл жилээс жилд нэмэгдсээр байгаа нь нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд сорилт болоод байна. 


-Мал, амьтны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? 

-Мал, амьтанд бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн болон дутуу, буруу хэрэглэх нь нян, бичил биетний тэсвэржилт бий болгож, улмаар эмийн үйлчлэлийг бууруулан, тухайн өвчнийг эмчлэх аргагүйд хүргэх эрсдэлтэй.

Бичил биетний эсрэг эмэнд тэсвэржсэн нян, бичил биетэн нь мал, амьтны ялгадсаар гадагшилж хөрс, ус зэрэг хүрээлэн буй орчинд тархах аюултай. Улмаар тэсвэржсэн бичил биетэн нь эрүүл мал, амьтанд халдварлаж өвчлүүлэх, эмэнд тэсвэржсэн халдварыг улам тархаах эрсдэлтэй. Мөн эдгээр малын мах, сүү зэргийг хүн хэрэглэх үед эмэнд тэсвэржсэн нянгийн халдварт өртөх аюултай юм.


-Танайхаас энэхүү аяны хүрээнд ямар үйл ажиллагааг явуулж байна вэ?

-Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн долоон хоногтой холбогдуулаад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдан харьяа байгууллагууд хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. 

Завхан аймгийн Мал эмнэлгийн газрын тухайд “Малын эмийн үлдэц, бичил биетний тэсвэржилтийг тодорхойлох” сэдэвт сургалтад мал эмнэлгийн лабораторийн нян судлалын шинжээч эмч, ариун цэвэр магадлан шинжилгээний эмч нарыг сургасан.

Манай лаборатори нь аймгийн хэмжээнд сургууль цэцэрлэгүүдэд нийлүүлэгдэж байгаа мах, сүүнд мөн Улиастай суманд худалдан борлуулагдаж байгаа мах, сүү, өндгөнд эмийн үлдэгдлийн шинжилгээг тогтмол хийж ажилладаг.

Энэ жил 232 дээж буюу 215 тонн маханд эмийн үлдэгдлийн шинжилгээг хийсэн байна.

Тухайлбал, үхрийн мах 69.6 тонн, хонины мах 48.4 тонн, ямааны мах 0.97 тонн, адууны мах 85.5 тонн, дайвар 10.1 тонн, тахиа 0.5 тонн, загас 3745 ширхэг, 69 дээж буюу 1080 ширхэг өндөг, 53 дээж буюу 1875 литр сүүнд эмийн үлдэгдлийн шинжилгээг хийж гүйцэтгэсэн байна.


-Бичил биетний тэсвэржилтийг үүсгэхгүйн тулд яах ёстой юм вэ? Иргэд олон нийтэд ямар зөвлөгөөг өгөх вэ?

-Ер нь бичил биетний тэсвэржилт үүсэх үндсэн шалтгаан нь бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх, эсвэл дутуу, буруу давтамжтай зохисгүй хэрэглэх юм.

Малчид, тариаланчид бичил биетний эсрэг эмийг мал аж ахуй, газар тариаланд хяналтгүй хэрэглэснээр бичил биетний тэсвэржилтийн тархалтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм.


Манайхан антибиотикийн хэрэглээ хамгийн өндөр улсуудын тоонд орж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тайланд дурдсан байна. Түүнээс гадна мал эмнэлгийн салбарт болон газар тариаланд хэрэглэж байгаа бичил биетний эсрэг эмийн хэрэглээний хяналтын тогтолцоо бэхжээгүй, зохистой хэрэглээ төлөвшөөгүй байгааг манай мэргэжлийнхэн харж байгаа.

Тиймээс бид бичил биетний тэсвэржилт үүсгэхээс сэргийлж малын гаралтай бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна.

Тухайлбал малчид, фермерүүд өөрсдөө малдаа антибиотик эм тариа, ивомек, керолин, туулгалтын бодис зэргийг дур мэдэн хэрэглэхгүй байж, мал эмнэлгийн үйлчилгээг малын эмчээр хийлгэдэг байх хэрэгтэй.


Ер нь малын биеэс эм тариа бүрэн гадагшлах хугацааг хүлээж цэвэр мах, сүүгээр иргэдийг хангаж хэвших хэрэгтэй.

Малын эмч нар гэхэд бичил биетний тэсвэржилт үүсгэдэг эмийг жороор олгодог болох. Малчид, иргэдэд энэ чиглэлийн мэдлэг олгох, мэдээлэл сурталчилгааг олон нийтэд тогтмол түгээж байх зэрэг нь чухал асуудал юм.


Эрүүл мэнд, мал эмнэлэг, газар тариалангийн салбарт зохистой дадлуудыг нэвтрүүлэх замаар бичил биетний эсрэг эмийн хэрэглээг багасгах.


Бичил биетний эм бэлмэлийн зохистой хэрэглээний талаарх бүх нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах, тэдний хандлагыг өөрчлөх. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, эмийн үйлдвэрлэл, ахуйн хэрэглээний бохир усны хаягдал зэрэг бичил биетний үлдэгдэл агуулагддаг хог хаягдлыг бүрэн боловсруулж, хүрээлэн буй орчинд тархах, хөрс, ус бохирдохоос хамгаалахыг зөвлөж байна.

-Танд баярлалаа. 

Related news