СҮХБААТАР: Орон нутагтаа анхны үүрийн цайны газрыг нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-11-16 13:57:31

Баруун-Урт 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт эрт нээдэг үйлчилгээний газар ховор. Гэвч иргэдийн дунд энэ төрлийн хэрэгцээ шаардлага нь байдаг. Үүнийг олж харсан залуу гэр бүл орон нутагтаа анх даа үүрийн цайны газрыг нээжээ. Миний өөшгөө үүрийн цайны газар 6.00-22.00 цаг хүртэл ажилладаг.


Өөшгөө гэдэг нь Дарьганга үндэстний үг хэллэг бөгөөд найз гэсэн утгатай. Нэрээ сонгохдоо хүртэл угсаатныхаа онцлогийг илэрхийлэхийг зорьжээ.




Сүхбаатар аймгийн шинэ брэнд болох Дарьганга хийцтэй цайг үйлдвэрлэгч залуу гэр бүл цайндаа тулгуурлаад үйлчилгээгээ эхлэх санааг олсон байна. Уг цайнаас гадна шинэ өрөм боорцог тэдний гол хийц. Мөн өглөөний гэдэг утгаараа хөнгөн, эрүүл зуушийг ч санал болгож байна.




Бид өөрсдөө их эрт босдог. Нөгөө талаар өглөө эрт ороод аяга халуун цай эсвэл кофе уучих газар манай аймагт байдаггүй. Гаднаас ирсэн хүмүүс үүнийг маш ихээр хэлж шүүмжилдэг. Тиймээс өөрсдийнхөө давуу талыг ашиглаад үүрийн цайны газраа нээсэн. Орон нутгийн иргэд маш сайхан хүлээн авч байна. Тэгэхээр хүлээлт байсан нь харагдаж байгаа юм. Мэдээж дөнгөж эхэлж байгаа болохоор дутагдалтай зүйл байгаа. Цаашид үйлилгээний нэр төрлөө илүү сайжруулахын тулд шаардлагатай тоног төхөөрөмжөө татах ажлыг эхлүүлсэн. Үйлчлүүлэгчид өөрөө өөртөө үйлчилдэг гэдгээрээ онцлог. Мөн бид бүх хүнсээ шинэ байлгахын тулд сүүгээ хүртэл өөрсдөө хөөрүүлж өрмөө гарган авч байна. Боорцог бусад бүтээгдэхүүний тухайд орон нутгийнхаа үйлдвэрлэгчдээс худалдан авч байна. Энэ бол нэг нэгнээ дэмжиж буйн нэг илрэл гэж бодож байна хэмээн тус цайны газрыг үүсгэн байгуулагч Б.Урансайхан ярилаа.


Тэд анх дарьганга хийцтэй цайгаа үйлдвэрлэж худалдаанд гаргаж, богино хугацаанд олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болгож чадсан. Цайныхаа орц, савлагааг сайжруулах чиглэлээр туршилтын ажлаа эхлүүлжээ. Илүү боловсронгүй, илүү өнгө үзэмжтэйгээр цайгаа үйлдвэрлэж, улсын хэмжээнд худалдаанд гаргахыг зорьж буй. Харин үүрийн цайны газар бол тэдний удаах бизнес санаа. Ингэхдээ төрөөс ямар нэг дэмжлэг тусламж, зээл аваагүй. Харин цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд залуусын гарааны болон бусад бизнес төслүүдэд хүч үзнэ гэдгээ хэлж байлаа.  


Related news