СҮХБААТАР: Оюутнууд "Нутгийн хөгжилд хамтдаа" уриан дор чуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-11-10 13:19:29

Баруун-Урт, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн оюутнууд энэ сарын 12-ны өдөр "Нутгийн хөгжилд хамтдаа" уриан дор чуулна.


Хөдөөгийн сэргэлт үндэсний хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин ирэгсдийг дэмжин урамшуулах зорилго бүхий "Нээлттэй Сүхбаатар аймаг” хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг нь баталсан. Энд төлөвлөгдсөний дагуу бид уг чуулганыг хийх гэж байна. Сүхбаатар аймаг ирэх жилүүдэд хэрхэн яаж хөгжихөөр төлөвлөж байна, орон нутагтаа ирж ажиллах боломжийг танилцуулах, шинэ төгсөгчид орон нутагт ирж ажиллаж амьдрахад ямар асуудал тулгардаг, түүнийг хамтдаа шийдвэрлэхийн тулд хэрхэх вэ гэдгийг хэлэлцэнэ гэж аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа хэллээ.


Судалгааны байгууллагаас их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд төгсөөд орон нутагтаа очиж ажиллаж, хөдөлмөрлөх нь бага байгааг тогтоожээ. Үүнтэй холбоотойгоор аймгууд боловсон хүчний дутагдалд орж эхэлсэн байна. Сүхбаатар аймгийн тухайд нийгмийн бүхий л салбарт тэр дундаа Эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт боловсон хүчин нэн дутагдалтай байгаа юм. Тиймээс энэхүү чуулганыг цаг үеэ олсон үйл ажиллагаа болохын зэрэгцээ тодорхой үр дүнд хүрнэ гэж үзэж байгаагаа зохион байгуулагчид тодотгов.


Чуулганд аймгийн удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ, орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон энэ цаг үеийн хамгийн шилдэг гэх лекторууд оролцоно. Бүтэн өдрийн турш үргэлжлэх чуулганаар оролцогчид  нутагтаа сайхан амьдаръя, оюутнууд нутаг орныхоо хөгжилд хэрхэн гар бие оролцох вэ сэдвээр хоёр шатны хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн урлаг соёл, эрүүл мэндийн ерөнхий үзлэг зэрэг үйл ажиллагаа болох аж. 

Related news