НҮБ-ын төрөлжсөн байгууллагынхантай санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-11-10 14:03:32

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өглөөний уулзалтаа НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Хүн амын сангийн тэргүүн Др. Халид Шарифи нартай хийлээ.


НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд Хүн амын сан, Хүүхдийн санг Монгол Улсад төлөөлж буй эрхмүүд хамтдаа багаараа уулзаж тодорхой асуудлаар санал солилцох хүсэлтийг Эрүүл мэндийн сайдад тавьсан юм.


Уулзалтаар С.Чинзориг сайд УИХ-аар хэлэлцэж буй 2024 оны улсын төсөвт эрүүл мэндийн салбарт хийж байгаа бодлогын шинэчлэлтэй холбоотой зарим өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд бүсийн коэффициэнтыг нэвтрүүлж байгаа болон аймаг, дүүргийн болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийг лавлагаа шатлал гэсэн нэг малгайн дор санхүүжилтийг олгож буй тогтолцоог өөрчилж ялгамжтай тооцох, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн байр ашиглалт, тогтмол зардлыг орон нутаг хариуцах зохицуулалтыг боловсронгуй болгож төсөвт суулгаж өгөх зэргээр хэд хэдэн бодлогын өөрчлөлтийг оруулж байгааг танилцууллаа.


Түүнчлэн сум орон нутагт ажиллаж буй эрүүл мэндийн салбарын бүх ажилтанд ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс орон нутгийн нэмэгдлийг 40 хувиар тооцож ялгамжгүй олгоно. Харин аймгийн төвд ажилладаг эрүүл мэндийн салбарынханд орон нутгийн нэмэгдлийг 20 хувиар тооцож олгох юм. Энэ нь хөдөө орон нутагт ялангуяа алсалсан сумдад эрүүл мэндийн салбарын боловсон хүчний хомсдолыг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байгаа юм.


Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан сайдын өгсөн мэдээлэд талархал илэрхийлээд өмнөх уулзалтуудаар ярилцаж тохирсон ажлын гүйцэтгэлийн талаар танилцуулав. Хүүхдийн сан эрүүл мэндийн салбарын цахимжуулалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлж сервер худалдан авах, эмнэлгийн хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, эмийн шууд худалдан авалтын журам зэрэг хэд хэдэн чиглэлд хамтран ажиллаж байгаа.


Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи ЭМЯ-тай хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд ирэх онд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх хүрээнд орон нутгийн ЭМТ-үүдэд үнэлгээний хамтарсан баг гарган ажиллуулж, бага насны хүүхдийн хөгжил болон өсвөр үе, залууст ээлтэй тусламж үйлчилгээг нэвтрүүлэх замаар хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлд тодорхой үйл ажиллагаа явуулах, бодлого тодорхойлоход Хүн амын сан, Хүүхдийн сан хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.


Монгол Улсад анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, цар хүрээг өргөжүүлэх, тэр дундаа хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, тусламж үйлчилгээний хүрээг өргөжүүлэх талаар хамтран ажиллах НҮБ-ын төрөлжсөн байгууллагынхны тавьж буй саналыг бүхий л талаар дэмжин хамтарч ажиллахаа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлээд Монгол Улсын хүүхэд, залуусын төлөө тэдний эрүүл мэндийн талаар анхаарч тодорхой ажлуудыг хийж дэмждэгт талархлаа илэрхийлсэн юм.



Related news