ХӨВСГӨЛ: Сайн үйлсийн аян өрнүүлж 6 хүүхэдтэй ээжийг гэртэй болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-11-08 16:56:12

Мөрөн, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбарын түүхт 30 жилийн ой энэ онд тохиож байна.


Ойн хүрээнд тус хамт олон сайн үйлсийн аяныг өрнүүлж, Мөрөн сумын 13 дугаар багийн өрх толгойлсон ээж М.Отгончимэгт туслан газар авч хашаа, гэр барин өвөлдөө дулаан ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэн, өнөөдөр хүлээлгэн өглөө.



М.Отгончимэг “Бид өмнө нь түрээсийн гэр, байшинд амьдардаг байсан. Энэ хамт олон, сайхан сэтгэлт ард түмнийхээ дэмжлэгээр өөрийн гэсэн хашаа, гэр оронтой болсондоо баяртай байна. Та бүхнийхээ тусыг мартахгүй үр хүүхдүүдээ эрдэм номтой сайн хүн болгон өсгөх болно. Маш их баярлалаа” гэдгийг хэлж байлаа.


Мөн Мөрөн сумын аж ахуйн нэгж байгууллагууд сайн үйлсийн аянд нэгдэж, хүүхдүүдэд нь дулаан хувцас, хичээлийн хэрэглэл, хоол хүнс зэргийг тус гэр бүлд илгээжээ.

 

Related news