ӨВӨРХАНГАЙ: Нийслэлээс аймагт шилжин ирж өлөн боловсруулах цех байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-11-08 12:04:32

Арвайхээр, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу шилжин ирж, малын өлөн гэдэс боловсруулах цехийг байгуулан ажиллаж байгаа гэр бүлтэй ярилцлаа.


Г.Мөнхсайхан, С.Халиун нар өлөн боловсруулалтын үйлдвэрт 20-иод жил ажилласан мэдлэг, чадвар, туршлагаа өөрийн амьдралд нэвтрүүлэхээр 2022 онд Өвөрхангай аймгийг зорин ирж, хөнгөлөлттэй зээлд хамрагдан үйл ажиллагаагаа эхлүүлжээ.



Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хот, хөдөөгийн сэргэлт” бодлогын үр дүнд нийслэлээс орон нутагт үйл ажиллагаа явуулахаар шилжсэн аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж бий. Энэ хүрээнд “Мөнхкейзинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гэр бүлийн хоёр ЖДҮХС-гаас 3 хувийн хүүтэй 50 сая төгрөгийн зээлийг авч, ажлын байр, цехийн хөргүүрээ байгуулан гүнийн худгаа гаргаад байна. Мөн өлөн боловсруулах ажлаа энэ оны 10 дугаар сараас эхлүүлж, нэг сарын хугацаанд 500 багц өлөнг Улаанбаатар хотын экспортлогч компаниуд руу нийлүүлээд байгаа аж. Өлөн гэдсийг таван дамжлагаар боловсруулах бөгөөд 100 метрээр нэг багц болгон давсалж боодог байна.




“Малын дайвар бүтээгдэхүүн маш үнэ цэнтэй гэдгийг манай монголчууд өөрсдөө мэддэггүй. Мэддэггүй учраас иддэггүй, ашигладаггүй. Өлөн гэдэс бол дэлхийн зах зээлд ноолууртай тэнцэхүйц үнэ цэнтэй, эрэлт хэрэгцээтэй байдаг. Үүнийг Өвөрхангайн иргэд, малчдад ойлгуулах нь бидний бас нэг зорилго” хэмээн өлөнгийн цехийн мастер С.Халиун хэллээ.


Монголоос гадагш экспортолдог малын дайвар бүтээгдэхүүний нэг нь өлөн гэдэс. Одоогоор улсын хэмжээнд таван аж ахуйн нэгж Япон, Хятад, Европын орнууд руу өлөн гэдсийг экспортолж байна. Түүгээр хиамны органик хальсан бүрхэвч, мэс заслын утас, гоо сайхны болон тархины хорт хавдрын эсрэг эмчилгээний бүтээгдэхүүн хийдэг аж.


“Өвөрхангай аймагт шилжиж ирээд гурван сар орчим хугацаанд хөнгөлөлттэй зээл хөөцөлдсөн. Арвайхээр сумын 9 дүгээр багт газар авч, хашаа, ажлын байраа барьсан. Орон нутгаас бүх талаар дэмжлэг үзүүлсэн. Ямар нэг саад бэрхшээл гараагүй. Би Улаанбаатар хотын, эхнэр маань Өмнөговь аймгийн уугуул. Гэхдээ хамгийн их малтай гэдгээр нь Өвөрхангай аймгийг сонгож ирсэн. Ажил хөөцөлдөхөд замын түгжрээ байхгүй, төрийн байгууллагууд нь хүнд суртал, чирэгдэлгүй, зорьсон ажлаа өдөрт нь амжуулдаг. Энд ирсэндээ сэтгэл хангалуун байна” хэмээн шинэ иргэд маань ярив.


Тэднийх ам бүл дөрөв. Хоёр хүүхдээ ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль руу шилжүүлсэн бөгөөд ямар нэг бэрхшээл гараагүйг хэлж байлаа. Мөн “Үйл ажиллагаагаа жигдрүүлж, ажлын байраа гал тогоо, усанд орох өрөө зэргээр өргөтгөсний дараа ажилтнуудтай болно” гэсэн юм.



Related news