ЗАВХАН: Цас орж шуурч байгаа тул хол замд гарахгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-03 18:56:54

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Тус аймгийн нийт нутгаар цас орж, зарим газраар шуурч байгаа тул томоохон давааны автозамын зорчих хэсэгт хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна.


Арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 18.00 цагийн байдлаар Загастайн даваанд цас орж шуурч байна. Тиймээс онцын шаардлагагүй бол хол замд зорчихгүй байхыг анхаарууллаа.


Арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш баруун аймгийн ихэнх нутгаар цас орсны улмаас зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, Солонготын даваа, Загастайн даваанд нөхцөл байдал хүндрээд байсан.


"Завхан АЗЗА" ТӨХК-аас үзлэг шалгалтыг тогтмол хийж автозам дээр шороо асгах, давс цацах ажлуудыг тухай бүр нь үргэлжлүүлэн хийж байна.  


Цаашид ихэнх нутгаар цас үргэлжлэн орвол зам даваанд халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдал сайжрахгүй. Тиймээс Завхан АЗЗА ТӨХК-ийн шуурхай ажлын баг хариуцсан автозам, давааны замуудад хяналт шалгалтыг тогтмол хийж бэлэн байдалд ажиллаж байна гэж Завхан АЗЗА ТӨХК-аас мэдээлэв.

 

Related news