ЗАВХАН: Солонготын давааны замаар ачааны автомашин зорчих боломжгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-02 12:01:08

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Солонготын даваанд ачаа тээврийн автомашин явах боломжгүй болсон тул онцын шаардлагагүй бол замд гарахгүй байхыг санууллаа.


Арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар баруун аймгийн ихэнх нутгаар нойтон цас орсны улмаас зам даваанд халтиргаа гулгаа үүсэж Завхан аймгийн Солонготын даваа, Загастайн даваанд нөхцөл байдал хүндрээд байна.


Мөн Солонготын даваанд хайлсан цас мөстөж хөлдсөн тул ачаа тээврийн автомашин явахад хүндрэлтэй байна.

Өнөөдөр өглөөний байдлаар нэмж цас ороогүй. Халтиргаа гулгаа ихтэй байна.

"Завхан АЗЗА" ТӨХК-аас үзлэг шалгалтыг тогтмол хийж автозам дээр шороо асгах, давс цацах ажлуудыг үргэлжлүүлэн хийж байна.  

Завханаас Улаанбаатар чиглэлд зорчиж байсан ачаа тээврийн хоёр автомашин Солонготын даваа өгсөх замд саатсаныг гаргаж тээврийн хэрэгсэл саадгүй явах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Цаашид ихэнх нутгаар цас үргэлжлэн орвол зам даваанд халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдал сайжрахгүй. Тиймээс Завхан АЗЗА ТӨХК-ийн шуурхай ажлын баг Солонготын даваа, Загастайн даваа, Түдэвтэй-Нөмрөг сумын Зааг агуйтын хөтөлд үргэлжлүүлэн ажиллаж байна.


А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын давааны замын зорчих хэсэгт элс хайрга цацах. А1102 дугаартай Мөрөн-Улиастай чиглэлийн Загастайн давааны замын зорчих хэсэгт давс, элс, хайрганы хольцыг цацах ажлыг хийж байна.

Солонготын даваа болон Загастайн давааны замаар ачаа тээврийн автомашин зорчиход хүндрэлтэй байгаа учраас иргэд та бүхэн онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Завхан АЗЗА ТӨХК-аас мэдээлэв.


Ташрамд, Загастайн давааны замд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон Завхан Азза ТӨХК-ийн ажилчид гурван техник хэрэгсэл ажиллаж байна.

Related news