Ганга нуур сэргэж, хөрсний ус хамгаалах бодлого төрийн бодлого болон хэрэгжиж байна

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-10-26 11:50:55

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ганга нуурт урьдын адил хун чуулж байна. “Энэ жил урт намар болох бололтой. Нуурт сүрэглэн ирсэн хун маргааш өглөө буцсан байх болов уу гэсэн шинж тэмдэг одоогоор харагдахгүй байна” хэмээн нутгийн иргэд ярьж байна.


Ганга нууртайгаа, буцах гэж байгаа хунгийн сүрэгтэйгээ амьдрал ахуй, зан үйл нь нэгдмэл байдгийн хувьд нутгийн иргэдэд хун хэзээ буцахыг мэдэрдэг хувийн ажиглалт байдаг бололтой. Энэ нуурт чуулж байгаа хун 10 дугаар сарын тэдний өдөр буцна гэсэн тогтсон ойлголт байхгүй. Байгаль цаг уурын зохицолдлогоор буцах өдрөө хун өөрөө мэддэг онцлогтой гэнэ.Нэг үгээр хэлбэл урт намар болж байгаа өдрүүд нуурын хун байж л байдаг. Харин эрт намар болсон нөхцөлд усны шувууд эрт буцаж нуурын мандал эл хуль нам гүмхэн болдог гэх юм.


Нуурын мандал дээр сүрэглэх хун хоёр далавчныхаа хооронд толгойгоо байршуулж нам гүмхэн хөвнө. Их нүүдлийн өмнөх хунгийн сүргийн хувьд энэ өдрүүд их “амар амгалан, амралт”-ийн өдрүүд байдаг биз ээ. Энэ өдөр тэнд чуулах хунгийн сүрэгт чимээ өгөх ганцхан зүйл байсан юм. Тэр бол амгаланг илтгэн сүрэглэх хун, намуухан бидэрлэх нуурын мандлын зургийг авах зураглаачийн удирдлагаар үйлдэл хийх тоног төхөөрөмж /дрон/.


Өдөн цагаан хун сүрэг сүргээрээ сүжирнэ. Бүлэрхэг энэ амьтан дроны чимээгээр хоёр далавчныхаа дундаасаа толгойгоо өндийлгөн гаргаж ирэхэд түүний урт хүзүү толгойг их биеэс нь тусгаарлана. Ганга нуурт чуулж байгаа хунгийн бас онцлог энэ бололтой. Тэгээд л эргэн тойрноо харна. Нуурын мандлын нам гүмийг эвдсэн энэ агшин цааш хоёр далавчаараа усны мандлыг пад пад хийн алгадан дуу чимээ гарган нуурын мандлаас цөөн цөөнөөр хун тасран хөөрөх дүр зураг болон өөрчлөгдөнө. Агаарт хөөрсөн хунгийн сүрэг, дрон өөрт нь хор аюул хүргэхгүйг мэдэрсэн мэт эргэн бууна. Хунгийн сүрэг усны мандалд эргэн бууснаар усны шувуудын ертөнц өөрийн амьдрал /байгалийн/-ын хуулийн дагуу цааш үргэлжилнэ. Тэр бүхнийг зураглаачдаар бүрдсэн баг амьтны ертөнц тэр дундаа усны шувуудын нэг өдөр /2023-10-22/-ийн Ганга нуур, чуулж байгаа хунгийн зураглал, зураглаач Б.Одбаяр /Ерөнхийлөгчийн тамгын газар/, Д.Бадрах /МОНЦАМЭ агентлаг/ нарын гарт орж байгаа нь энэ.


Ганга нуурт хун чуулж байгаа энэ өдрүүдийн зураглалыг хальсанд буулган авах онцгой шалтгаан бас тэдэнд байгаа юм байна. Хунгийн чуулганыг орон нутаг 2021-2023 оны хооронд олныг хамарсан бүтээлч ажлын өдрүүд болгожээ. Дарьганга сумтай хөрш 6 сумын иргэд, аялагчид нийт 1000 орчим хүн оролцсон энэ намрын үйл ажиллагаа бямба гараг /2023-10-21/-т болсон байна /Энэ талаар /МОНЦАМЭ агентлаг мэдээлсэн/. Ийм олныг хамарсан энэ ажил /эвент/-ыг цаашдаа зүүн бүсийн аялал жуулчлалын том үйл ажиллагаа болгох санааг орон нутгийн удирдлага сэдэж бодлого болгон ажиллаж байгаа аж.


“Дарьгангын байгалийн цогцолбор газар” /Ганга нуур/-т нэвтрэх тасалбарын борлуулалт сүүлийн жилүүдэд улирал харгалзахгүйгээр 20 мянга давж борлогдох болсон байна. Энэ бол тэнд ирсэн аялагчдын тоог илэрхийлэх гол үзүүлэлт. Тэдгээр аялагчдад зориулсан Ганга нуур, орон нутгийн онцлогийг харуулсан тодорхой хөтөлбөр, арга хэмжээ зайлшгүй хэрэгтэй болохыг дээрх тоо баримт харуулж байна. Аялагчдыг тодорхой маршруттай болгох нь нуурын хамгаалалтад сайн нөлөө үзүүлэх магадлалтай.


Ер нь Ганга нуур 2016, 2017 онд усных нь 70-80 хувь нь ширгэж цагаан шороо босдог хатмал, халцгай хонхор болох хэмжээнд хүрчээ. Яг энэ мөчид тухайн үеийн Ерөнхий сайд, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэргэжлийн бага гаргаж Ганга нуур юунаас болж ширгэхэд хүрэв гэдэгт судалгаа хийлгэжээ. Судалгааны баг “Тухайн бүс нутгийн малын бэлчээрийн даац хэтэрсэн, мал амьтны хөлөөр нуурын эко систем алдагдсан нь нуур ширгэх аюулыг дагуулжээ” гэсэн дүгнэлт гаргасан байна. Тэр дагуу Ганга нуурын хамгаалалтын бүсийн статусыг өөрчилж малаас Ганга нуурыг тусгаарласан байна.


Хүний нүдэнд харагдаж, гарт баригдах эхний ээлжийн тэнд хийсэн ажил нь нуурыг шинээр хашаажуулжээ. Нуурыг ийм хамгаалалтын хашаатай болгохын тулд тэндээс ундаалж байсан малыг өөр бэлчээрт гаргах, уух устай болгох шаардлага гарсан байна. Энэ хүрээнд эргэн тойронд нь 10 гаруй худаг гаргасан аж. Гэсэн ч задгай усанд идээшсэн мал худагт дасаж өгөхгүй мал амьтны эрхийн тухай хүртэл олон нийтээрээ ярьж үзсэн байх юм. Харин тэдний байр суурийн зөрүү хэтэрсэн малын бэлчээрийн даац, дэлхийн дулаарал, малын хөлд талхлагдаж хүний нүдэн дээр ширгэж байгаа “Ганга нуурыг авч үлдэнэ” гэдэг дээр нутгийн иргэд санал нэгджээ. Түүний үр дүнд Ганга нуур, мал хоёрыг тусгаарлах дээрх ажлыг зохион байгуулжээ. Үр дүн гарсан байна. Усгүй, чуулах хунгүй болох дээрээ тулсан Ганга нуур 2021 оноос сэргэж эхэлжээ. Устай болсон нуурт хунгийн сүрэг ирэх болсон байна. Ганга нуурын усны түвшин 2005 оны байдалд хүрч сэргэсэн, нуурын замаг хунд тэжээл болох хэмжээнд хүрсэн болохыг 2023 оны 6 дугаар сард судалгааны баг судлан тогтоожээ. Нуурын сэргэлтийг гүнзгийрүүлж байгалийн унаган төрхөд хүргэх ажил тэдний өмнө үлдсэн байна. Түүнийг даван туулах хүртэл энэ нуурын хувь заяа эмзэг хэвээрээ байх бололтой.


Ганга нуур 21 булгийн усаар сэлбэгддэг, гадагшаа урсгалгүй талын нуур, түүндээ тохирсон эко системтэй. Харин одоо 21 булгаас Оргихын болон Баянбулагийн усаар нуур тэжээгдэж байна. Бусад 19 булгаас 11 байгаа. Гэхдээ эдгээр булгийн ус байгалийн жамаар өөрийнхөө эко сувгаар Ганга нуурыг усаар тэжээж чадахгүй болсон байна. Тэдгээр булаг унаган төрхөөрөө сэргэж ус нь нуурт тасралтгүй цутгадаг болгох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөжээ. Ундарга нь дарагдсан, урсах усгүй болсон булаг амьд гэдгээ мэдрүүлэн, өвлийн цагт орчныхоо газрын хөрсийг цантуулж өөрийнхөө байгаа газрыг илэрхийлдэг онцлогтой юм байна. Энэ хүрээнд ундарга нь дарагдаж ширгэсэн булгуудын эх хаана байгааг эрэн хайж, яаж сэргээх ажлыг эрчимжүүлэхээр болжээ. Ийм эрэмбэ дараатай ажлыг хийснээр Ганга нуур унаган төрхөөрөө сэргэх нөхцөл бүрдэнэ.


Ганга нуурыг хэвийн байдалтай болгохын тулд 2017 оноос үе шаттай ажил хийх төлөвлөгөө гаргажээ. Түүний эхний үе шатны ажлыг төлөвлөсний дагуу хийжээ. Харин одоо нуурын усны гол судас болох 21 булгийн эко системийг иж бүрэн сэргээх ажлыг эхлүүлсэн байна. Энэ нуурыг сэргээх ажил иж бүрэн хийгдсэнээр цаашдаа бүс нутагт байсан, ширгэж үгүй болсон нуур, цөөрмийг нөхөн сэргээх технологи, мэргэжлийн баг, байгууллага бий болох сайн талтай аж. Хөрсний усыг хамгаалах ширгэсэн нуур, цөөрмийг унаган төрхөөр нь сэргээх мэргэжлийн байгууллага бий болох нь одоогоор бол цаг хугацааны асуудал болжээ.


Байгалиас хүн чадлынхаа хэрээр авсан. Харин одоо авсан хэмжээгээрээ буцааж хийх, хүний хүчээр өсгөн үржүүлж бий болгосон ашиг шимээ хүртэх шинэ үе бидний өмнө ирж байна. Түүний эхлэл Ганга нуурыг нөхөн сэргээх байгалийн унаган төрхөд хүртэл, арчилж хамгаалж ашиг шимийг хүний хүчээр өсгөн үржүүлэх ажлаар эхэлжээ. Хөрсний усыг ариг гамтай зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх усны бодлого, төрийн бодлого болон хэрэгжиж байна.



Related news