ХӨВСГӨЛ: Бүх сумыг хог пресслэгч тоног төхөөрөмжтэй болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах зориулалттай хог пресслэгч тоног төхөөрөмжийг худалдан авч Алаг-Эрдэнэ, Түнэл, Тосонцэнгэл, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Эрдэнэбулган, Цэцэрлэг суманд хүлээлгэн өглөө.
Тус аймгийн хэмжээнд 12 сум хог пресслэгч тоног төхөөрөмжтэй болж байгаа бөгөөд цаашид бүх сумыг хог хаягдал пресслэгч тоног төхөөрөмжөөр хангана гэдгийг Засаг дарга П.Лхагважав хэлж байлаа.
Сум бүр хог пресслэгч тоног төхөөрөмжтэй болсноор хогийн цэгт очих хогийн хэмжээ багасах, хогоо ангилах ялгах дадал бий болох, ажлын байр нэмэгдэх, хогийг эдийн засгийн эргэлтэд оруулах суурь тавигдаж байгаа зэрэг ач холбогдолтой юм.
Мөн сумдад хог хаягдлыг эх үүсвэр дээр нь
ангилан ялгах чиглэлээр сургалт нөлөөллийн ажлыг давхар зохион байгуулах ажээ.