ЗАВХАН: Хойд бүсийн 200 орчим төрийн албан хаагч мэдлэг чадварт суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-10-10 17:41:20

Улиастай, 2023 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Тус аймгийн  хойд бүсийн сумдын төрийн албан хаагчдын ур чадварыг хөгжүүлэх сургалт Сонгино суманд болж байна.

Завханы Асгат, Баянхайрхан, Баянтэс, Нөмрөг, Түдэвтэй, Тэс, Сантмаргац, Сонгино, Цэцэн-Уул сумын 200 орчим төрийн албан хаагч ур чадвараа хөгжүүлэх сургалтад хамрагдаж байна.


Энэ удаагийн сургалтын онцлог нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын хамтын оролцоог хэрхэн хангах талаарх мэдлэг мэдээлэл солилцох. Сумууд арга барил сайн туршлагаа ярилцах юм.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь аймаг, сумын ИТХ-ын дэргэд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын хамтын оролцоотой зөвлөл юм.

Завхан аймгийн тухайд өнгөрсөн онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд хамтран зорилтот нөлөөллийн 50 үйл ажиллагааг зохион байгуулсан байна.


Түүнчлэн бүсийн сургалтад Удирдлагын Академийн багш Г.Жаргал, Н.Сэлэнгэ нар урилгаар оролцож менежментийн шинэ арга, хандлага, хувь хүний хөгжил, хамтран ажиллах, багаар ажиллах ур чадваруудын талаарх мэдээлэл. Төрийн албан хаагчдын ёс зүй, ёс суртахууны төлөвшил зэрэг сэдвүүдээр орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчид мэдээлэл, мэдлэг авсан сургалт болж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Ташрамд Завхан аймгийн 24 суманд нийт 5400 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. 

Related news