Монголын баялгийг үнэд хүргэх “Эрдэнэс Монгол"-ын төлөвлөгөө

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-10-10 14:58:13

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Ашигт малтмалын геологийн нөөц ихтэй манай улсын хувьд эрдэс баялгаа үр өгөөжид хүргэх арга замыг олох нь хамгийн чухал зорилтуудын нэг. Энэ утгаараа уул уурхайн төрийн өмчийн 30 компанийг удирдлага, менежментээр хангаж ажилладаг “Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниудын үндсэн  түүхий эдүүдийг эцсийн бүтээгдэхүүн болгох төлөвлөгөө боловсруулах ажил эрчимтэй хийгдэж байна. Өөрөөр хэлбэл тус нэгдэл өөрийн харьяаны томоохон компаниуддаа түшиглэн боловсруулах чиглэлийн цогцолбор үйлдвэрүүд байгуулах дунд болон ойрын хугацааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Эдгээр  цогцолборуудыг үйлдвэр технологийн паркын загвараар хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.  


Манай улсын ашигт малтмалын салбарт багагүй дэвшил гарч яваа боловч боловсруулалтын түвшин ихээхэн доогуур. Боловсруулалт бараг хийгддэггүй учир байгалийн баялгийг түүхийгээр нь, нэмүү өртөг шингээлгүйгээр маш хямдаар экспортолдог. Үндсэндээ зэсийн овоолгоос катодын зэс гаргадаг гурван үйлдвэр байгуулснаас өөрөөр боловсруулалт хийж буй үйлдвэр байхгүй гэж хэлж болно. Нүүрсийг эрчим хүч үйлдвэрлэх, багахан хэсгийг нь угаахаас өөрөөр боловсруулалт хийддэггүй. Нэг ёсондоо “Эрдэнэс Монгол” нэгдэлд компаниудынхаа олборлож буй түүхий эдийг илүү үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгох онцгой үүрэг бий юм.


Үйлдвэрлэл явуулахын тулд дэд бүтцийн бүх асуудлаа өөрсдөө шийдэхээс өгсүүлээд төр засгийн дэмжлэг хүртэл маш их хэрэгтэй болно. Энэ бүхэнд асар их хугацаа шаардлагатай, нэлээд олон шат дамжлага хэрэгтэй учир олборлоод л түүхийгээр нь бүтээгдэхүүнээ экспортлох нь илүү хялбар гэдэг байдлаар явж ирсэн. Үйлдвэр байгуулахад саад болдог шалтгаан олон учир зардал гаргахгүйгээр бүтээгдэхүүн түүхийгээр нь экспортлох нь хялбар, эрсдэлгүй. Зөвхөн түүхий бүтээгдэхүүн гадагш гаргасан ч тодорхой хэмжээний орлого олж, оршин тогтнож болоод байдаг учир үйлдвэрлэл бий болгох санаачилга дутуу яваад байдаг тал бий. Гэхдээ л түүхийгээр нь ч хангалттай үнэд хүргэж экспортолж чаддаггүй. Маш их зардлаар үйлдвэр байгуулснаас багавтар зардлаар түүхий эдээ экспорлох нь илүү дээр учир энэ арга замаар баялгаа төсөрхөн зардаг нь нууц биш. Тийм ч учраас үндсэн түүхий эдээрээ үгүйдээ л хагас боловсруулсан бүтээгдэхүүн хийх, цаашилбал дараагийн шатны боловсруулалтыг хийж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болчихвол баялгаа үнэ цэнтэй болгох, өгөөж ашиг илүү ихээр хүртэх боломжтой юм.


Стратегийн ач холбогдол нь асар өндөр бүтээгдэхүүн болох жоншийг өмнөд хөрш л гэхэд түүхийгээр нь гаргахыг бүр мөсөн хориглочихсон байхад манайх экспортлоод зогсохгүй маш хямд борлуулж байгаа. Бусад улс орон манайхаас асар хямд авсан бүтээгдэхүүнийг хэдэн зуу дахин үнэд хүргэн боловсруулж чадаж байхад бид эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэл хөгжүүлэх асуудлыг шуурхайлахаас өөр аргагүй. Хамгийн наад зах нь эрчим хүчний гол түүхий эдийн нөөц арвин атлаа гадны улсаас эрчим хүчний салбар нь хамааралтай, хэзээ доголдохыг мэдэхгүй байдалтай цаашид удаан явна гэвэл дэндүү харамсалтай хэрэг. Тэгэхээр хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад боломж олгох, энэ далимдаа эдийн засгийн өгөөж нь арвин үйлдвэрлэлүүдийг төр хувийн хэвшилтэйгээ хамтарч хөгжүүлье гэсэн гол чиг шугмыг “Эрдэнэс Монгол” нэгдэл баримталж байна. Яг энэ агуулгаар аж үйлдвэрийг хөгжүүлэх нарийн төлөвлөгөө боловсруулж байгаа юм. Баялгаа үнэд хүргэх “Эрдэнэс Монгол"-ын энэ төлөвлөгөө бол аж үйлдвэрийн гинжин хэлхээ бий болгох явдал.


Аж үйлдвэрийн гинжин хэлхээг аж үйлдвэрийн паркийг түшиглэн бий болгох нь оновчтой шийдэл учир "Эрдэнэс Монгол" нэгдэл дэргэдээ "Эрдэнэс Үйлдвэрлэл, технологийн парк" компанийг байгуулаад буй юм. Энэ компани нь нэгдлийн паркуудад аж үйлдвэрийн гинжин хэлхээг тасралтгүй үүсгэх, төлөвлөлтийг хийж хяналт тавих, хөрөнгө оруулагчдыг дэмжих, боломж олгох менежмэнтийг хийх зорилготой.


Зүүн өмнөд азийн орнууд, ялангуяа манай өмнөд хөршид аж үйлдвэрийн паркийг өндөр ашигт хүртэл хөгжүүлсэн загвар туршилга хангалттай бий. Энэ туршилгыг ашиглаж аж үйлдвэрийн парк хөгжүүлэх боломж өргөн байна. Манай улсад аж үйлдвэрийн парк байгуулан хөгжүүлэх, ихээхэн ашигтай байх хэмжээний нөөц нь бий. Энэ талаар хангалттай ярьсаар ч ирсэн. Үүнийг ажил хэрэг болгож, манлайлан оролцож, тодорхой төлөвлөгөө зураглалыг нь гаргаж ажиллах гол газар нь яах аргагүй монголын баялгийг эзэмшиж буй төрийн өмчит компаниудын толгой компани болох "Эрдэнэс Монгол" нэгдэл. Энэ нэгдэл одоогоор зургаан аж үйлдвэрийн парк байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэс боловсруулах цогцолбор, үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажил нь эхний шатандаа явж байгаа.


Мөн “Хөтөл” цемент шохойн үйлдвэр дээр түшиглэн барилгын материалын үйлдвэрлэлийн парк байгуулах, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн ган үйлдвэрлэлийн цогцолбор барих, Багануурын уурхай дээр хүрэн нүүрс боловсруулах парк, Бор-Өндөрт жонш боловсруулах үйлдвэр технологийн парк байгуулах, "Эрдэнэс Тавантолгой" ХК дээр суурилсан коксжих нүүрс боловсруулах парк барьж байгуулах төлөвлөгөө бий. Юун түрүүнд Дарханд шууд ангижруулсан төмрийн үйлдвэр, Хөтөлд шохойн үйлдвэр байгуулах төслийг эхлүүлэхээр болсон байна.


Эндээс төр хувийн хэвшилтэй шударгаар, системтэйгээр, хүчээ тарамдалгүй хамтрах гарц гаргалгаа бий болох болов уу гэсэн найдвар харагдаж байгаа юм. Ингэвэл төр болон хувийн хэвшлийнхэн хамтдаа эрдэс баялгаа  бүрэн дүүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргадаг цогцолбор жинхэнэ утгаараа бий болно гэсэн үг. Стратегийн ач холбогдолтой төслүүдэд хөрөнгө оруулж эдийн засгийн өгөөжийг нь хүртэх зарчим нь энэ юм. Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын  Аж үйлдвэрээ сэргээх төлөвлөгөө биелэхэд ч чухал түлхэц болно. Дэд бүтэц, тээвэр логистикийн асуудлыг ямар нэгэн доголдолгүй байлгах тал дээр мөн анхаарлаа хандуулж байна.


Баялагтаа эзэн болно гэдэг нь эцсийн дүндээ бүтээгдэхүүнээ бүрэн боловсруулах тухай л асуудал. Энэ утгаараа “Эрдэнэс Монгол” нэгдэл, түүхий эд олборлох, олборлосон түүхий эдээ дунд шатны түүхий эд болгож боловсруулах, дунд шатны түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэх гэсэн шат дамжлагаар явах боломжийг эрэлхийлж байгаа гэж ойлгож болох юм. Дээр хэлсэнчлэн аж үйлдвэрийн гинжин хэлхээний ерөнхий загвар нь ердөө л энэ.


Энэ мэтээр эмх цэгцтэй зохион байгуулалтад орж чадвал аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөөц баялаг нь манайд хангалттай байна. Харин энэ чиглэлрүү орж ирсэн хувийн хэвшлийнхэн болон хөрөнгө оруулагчдад дэд бүтцийн болон бусад асуудлуудыг нь шийдэхэд төрийн томоохон компаниуд туслах нь үүрэг юм гэдгийг "Эрдэнэс Монгол" нэгдэл хүлээн зөвшөөрч буй юм. Энэ маягаар төрийн өмчит уул уурхайн болон бусад томоохон компаниуд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэм болох нь алс хэтдээ эдийн засгийн бусад үр нөлөөг нэмэгдүүлэх учиртай. Ашиг бага боловч нийгмийн хэрэгцээ шаардлага нь өндөр үйлдвэрлэлүүдийг бойжуулан хөгжүүлэх, хувийн хэвшлийнхэнд энэ салбарлуу ороход туслалцаа үзүүлэх явдал нь төрийн үүрэг. Тийм ч учраас “Эрдэнэс Монгол” нэгдэл төрийн өмчийн компанийн хувьд нийгмийн хариуцлагаа өмнөө тавих гол зарчмаа алдахгүй, ашгийн хойноос хэт хөөцөлдөхгүй, харин өөрөө санхүүжүүлээд нийгмийн аль хэрэгцээтэй гэсэн салбарт үйлдвэрлэл хөгжүүлэх нь зүйтэй юм байна гэсэн бодлого баримталж байгаагаа тайлбарлаж буй.


Түүхий эдийнхээ эхний шатны боловсруулалтыг төр өөрөө хийгээд харин боловсруулах шатны үйлдвэрлэлд хувийн хэвшлийнхнийг татан оролцуулах, тэднийг дэмжих бодлого баримталбал төр хувийн хэвшлийн системтэй, ил тод байдлаар хамтрах сайн жишиг тогтох нь гарцаагүй. Ер нь ч төрийн компани өөрөө боловсруулах үйлдвэрээ байгуулж, зөвхөн өөрөө түүхий эдээ боловсруулна гэдэг хэт том зорилго тавиад түүнийгээ биелүүлж чадахгүй цаг алдаж байснаас ачаагаа хувийн хэвшилтэйгээ ашигтай байдлаар хамтран үүрэх нь хамгийн боломжийн гаргалгаа. Төлөвлөгөө ёсоор “Эрдэнэс ҮТП" компанийн үйл ажиллагаа жигдрээд, улс төрийн болон бусад хэлбэрийн янз бүрийн нөлөөлөлгүй, ашиг сонирхлын бүлэглэлийн оролцоогүй, бодлогын том агуулгаар зангидан, оновчтой удирдлагаар хангаж аж үйлдвэрээ сэргээж хөгжүүлбэл Монголын баялаг бодит үнэдээ хүрэх боломжтой.  

Related news