Б.Амаржаргал: Багшид мэдэхгүй, чадахгүй зүйл байх ёсгүй гэдэг бичигдээгүй хууль бидэнд үйлчилдэг байлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2023-10-02 12:58:25

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ахмад багш нарын холбооны гүйцэтгэх захирал асан Бумбадайн Амаржаргалтай хөөрөлдлөө.


Наян насны сүүдэр зэрэгцсэн ч тэрбээр өнөө жил 59 дэх хичээлийн жилтэйгээ золгож байгаа аж. Монголын боловсролын салбарын нэгэн жарны түүхийн гэрч Б.Амаржаргал багш шинэ үсгийн багшаас багшлах гараагаа эхэлж, бага ангийн багшаас дээд сургуулийн багш хүрсэн түүх, багшлах арга туршлагыг уншигчидтайгаа ийн хуваалцсу. 


-Танд багш нарын баярын мэнд хүргэе. Мэдээж энэ өдөр анх багш болж байсан өдөр хамгийн яруу тод дурсагддаг байх. Анх хэрхэн багш болж байв, яагаад энэ мэргэжлийг сонгох болов?

- Би Увс аймгийн Ховд сумын хүн. Архангай аймгийн багшийн сургуулийг 1965 онд төгсөөд нутагтаа очиж ажилласан. Энэ намар 59 дэх хичээлийн жилтэйгээ золгож байна. Маргааш МИАТ-ийн ажилтнуудад монгол бичгийн хичээл заах гэж байна. Хичээлийн шинэ жилийнхээ нээлтийг хийнэ гэж байна билээ. Ингээд бодоход, би найман настай балчраас наян настанд хичээл заажээ.

Надад нэг их онцлог байдаг юм. Би зургадугаар ангид байв. Тэр үед соёлын довтолгоо болж байсан. Зуны даалгаварт цэцэг, навч, эрвээхэйн хатаамал хийх, зурамны арьснууд авчрах зэрэг сонин сонин даалгавар өгдөг байлаа. Гэтэл манай сургуулийн захирал намайг сумандаа очиж, гурваас дээш хүнд шинэ үсэг заах даалгавар өгсөн.


-“Шинэ үсгийн багш” кино шиг үү?

-Яг тийм. Би гэдэг хүн хөх даалимбан тэрлэгтэй. Ээжийгээ авчирч суулгаж байгаад нэрээ бичихтэй болгож байлаа. Тэгэхээр 1961 оноос хойш гэвэл, багшилж эхэлсэн маань нэгэн жарныг давчихаж байгаа юм л даа. Харин багшийн диплом авснаараа бол ирэх жил 60 жилийн ойндоо хүрэх юм.


-Ээждээ хүртэл багшилжээ, сайхан түүх юм даа?

-Тийм ээ, тэгэхэд ээж маань, “Миний хүү багш болох хүн байна даа” гэж байсан юм. Миний ээж 40-хөн настайдаа ааваас минь хоцорсон. Намайг таван настай байхад аав маань бурхны оронд явчихсан юм. Тэгээд намайг 11 нас хүргээд сургуульд оруулахад ээжээр маань овоглосон юм билээ. Манай нутагт аав нь өөд болсон бол ясыг нь өндөлзүүлэхгүй гээд ээжээр нь овоглочихдог байж л дээ. Түүнээс биш аав маань нутаг усандаа нэр төртэй Шош гэж хүн байсан гэдэг.


-Бага ангийн багш хүн ямар учраас дунд ангийн багш болж байв. Ийм шийдвэрт чухам юу нөлөөлөв?

-Би хоёрдахь нэгдүгээр ангиа дааж аваад байтал, сургуулиудыг өргөжүүлэхээр бага сургуулиудыг дунд сургууль болгож эхэлсэн. Тэр үед мэргэжлийн багш нар дутагдалтай болсон тул бага ангийн багш нараас шалгаруулж, Багшийн дээд сургуульд 6 сарын курст суралцуулж байв. Би тэр курсийг төгсөж, сургуульдаа монгол хэл, уран зохиолын багш, дуу хөгжим, хөдөлмөрийн багш гэж гурван багшийн үүрэг гүйцэтгэх болсон юм.

Тэгж байтал манайх гэдэг айл дөрвөн хүүхэдтэй ч болов. Тэгээд дээд мэргэжилтэй болъё гэж бодох болсон л доо. Манай сумаас дээд сургуульд явна гэдэг хэцүү байлаа. Намайг явуулах ч дургүй байв. Тэр үед Улаанбаатар шилжинэ гэдэг бүр ч бүтэхгүй. Тэгээд 1976 онд Архангайд очоод, 1-р 10 жилд монгол хэлний багшаар нэг жил ажиллаж байтал, сургуулийн удирдлагууд дуудаад, “Та дээд сургуульд сурах хүсэлтэй юу, конкурст тэнцвэл бид дэмжинэ” гэв. Ингээд Улсын багшийн дээд сургуулийн монгол хэл, уран зохиолын ангид 1977 онд элсэж, эчнээгээр таван жил сурч төгссөн. Түүнээс хойш Архангай аймгийн Хашаат сумын сургуулийн захирал, Архангай аймгийн 1-р сургууль, Чойрын 10 жил, нийслэлийн 41-р сургуульд ажиллаад, 2005 онд 61 насандаа тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарсныхаа дараа Бурхан шашинтны их сургууль, “Их засаг” их сургуульд хэл шинжлэлийн хичээл зааж байв.


- Та тэгэхээр багш бэлтгэдэг бүх сургуулийг дүүргэсэн төдийгүй, боловсрол олгодог бүх шатлалын сургуулиудад ажиллажээ. Бас монгол хэл, уран зохиол, дуу хөгжим, хөдөлмөрийн багш байсан гэхээр үнэхээр ховор намтартай юм аа?

- Тийм шүү. Монгол Улсын боловсролын байгууллагад 60 жил бага ангийн багшаас эхлээд, дээд сургуульд ч багшилж байснаараа үнэхээр их бахархдаг.


Анх багш болж нутагтаа очиход багш нарт мэдэхгүй, чадахгүй зүйл байх учиргүй гэдэг “бичигдээгүй хууль” бидний үеийнхэнд үйлчилдэг байлаа. Тиймээс сумын урлаг уран сайхны ажилд багш найз нарынхаа хамт идэвхтэй оролцож, сумынхаа клубийг доргиож явлаа.


Манай сургуулийн ой 1968 онд болоход баярын концертыг найз нартайгаа найруулан тоглуулснаас эхлээд, олон концерт, жүжиг, шог гарааг найруулан тавьсан байдаг юм.



-Улсын филармонийн найрал хөгжимтэй “Гоёхон чимэг юм уу даа”-г дуулж, шагнуулж байсан зураг номд тань байна билээ. Сайн дуулдаг болохоор дуу хөгжмийн багшийн ажлыг бас даалгаж дээ...?

-Аан тийм байх. Би ер нь бага сургуульд орох үеэс дуулах дуртай, сургуулийн концерт үдэшлэг дээр дуулдаг байсан. Архангайн багшийн сургуульд суралцаж байхдаа казак ардын “Актама” дуугаараа сүрхий нэрд гарч байлаа. Тоглолт бүхэнд заавал дахиулдаг байв. Одоо ч багшийн сургуулийн ангийнхан маань “Актама Амаржаргал” гэж дууддаг.


-Ийм баялаг намтартай “багшийн ураг” ч өнөр өтгөн болсон нь мэдээж. Тэгэхээр танаас шавийн тоог бус, хэд дэх үеийн шавь нарыг төрүүлэв гэж асуувал зохистой байх?

- Би “Багшийн ураг” гэдэг номоо гаргахаар судалгаа хийж үзэхэд, миний шавь, шавийн шавь гээд дөрвөн үе гарч ирсэн. Одоо бол зургаа, долоо дахь үеийн шавь нар төрсөн болов уу.

Багш хүний хамгийн их бахархал нь шавь нар шүү дээ. Одоо би 80 хүрч байна. 2019 оноос эхлээд Нарванчин гэгээнтний хийдэд ламхай нарт хичээл зааж төгсгөсөн. 2022 оноос эхлээд “Дээд соёл-Бичиг эрдэм” гэдэг ТББ-ын тэргүүн Баягууд Балжинням гэдэг хүн урьж ажиллуулсан. Энэ байгууллагынхаа шугамаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бараг бүх албанд монгол бичгээ заалаа. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар бас заасан. Шүүхийн шийдвэрийнхэн ахмад багшаар нь хичээл заалгая гэдэг гэнэ. Шүүхийн шийдвэрийнхэн гэснээс, намайг Дорноговь аймгийн Сүмбэр сумын 10 жилийн нэгдүгээр сургуульд багшилж байх үед Чойрын жирийн дэглэмтэй хорих ангийн хүмүүжигч нарт 8, 10-р ангийн боловсрол олгодог байв. Багш нарыг 10 жилийн сургуулиас сонгоход би сонгогдож тэнд багшилж байсан намтар надад бас байдаг юм.


-Хүмүүжигч нарт хичээл заах багш нарыг ямар шалгуураар сонгодог байв?

-Тамхи татдаггүй, архи уудаггүй байх зэрэг шалгуур байсан юм шиг байна билээ. Тэр үед би 40 хэдтэй байсан. Хичээл заах өдөр цагдаа, харуулууд ирж авна. Хичээлийн үеэр багш хүмүүжигчдийн дундуур явж болдоггүй байв. Бас багш гаднаас юу ч авч орж болохгүй, сурах бичиг, шохой бүх юмыг бэлдчихсэн байна.


Хичээл зааж байхад харуул нь ард зогсоод, хичээл заагаад дуусахад, “Хулгайч нар бос” гэдэг байлаа. Надад их эвгүй сонсогдоод болохгүй. Тэгээд, Рагчаасүрэн гэдэг даргад нь “Хүмүүжигч” гэдэг үгийг хэрэглэж болохгүй юм уу гэж хэллээ. Тэгсэн чинь хичээлийн үед л лав “хүмүүжигч” гэдэг болсон юм даг.


Хүмүүжигч нарын дунд гарын ур сайтай, зохиол бичдэг, шүлэг сайхан уншдаг, сайхан дуулдаг хүмүүс олон байсан шүү. Өвлийн хүйтэнд гадаа цементэн шалан дээр суухгүйн тулд, таван минут ч атугай үргэлжлүүлээд зохиолоо яриад өг гэж надаас гуйгаад байна, их өрөвдмөөр. Намайг яриад байхаар харуул нь тэднийг хөөж гаргадаггүй байсан учраас тэр л дээ.


-Та ер нь, ямар үед мэргэжлээрээ хамгийн их бахархдаг вэ?

- Багшийн заасан хичээл шавийн цээжинд хоногшин үлдсэн байдаг юм байна. Би уран зохиол, яруу найргийн ном уншуулах гэж их шахаж шаарддаг байлаа. Тухайн үед хүүхдүүд их төвөгшөөдөг байж л дээ. Гадаадад сурсан нэг шавь маань ирээд, “Бидний хэл яриа баялаг болсон нь таны ач. Тэр олон ном зохиол, яруу найргийг хүчээр цээжилж байсных” гэж ярьж байсан. Энэ л миний бахархал.


Одоо би төрийн албан хаагчдад монгол бичиг заахдаа их өвөрмөц заахыг хичээдэг. Ном сурах бичиг хэрэглүүлэхгүй. Аман зохиолоос ашиглаж, залуучуудад хэрэг болох зүйлийг хэлж өгч, түүнийгээ монгол бичгээр бичүүлж заахаар тэдэнд сонирхолтой байдаг шиг байна. Дээр үед сургалтыг амьдралтай холбоно гэж үүнийг хэлдэг байв. Одоо бол тэгэхгүй байна шүү дээ, нэг ном, эсвэл компьютер хараад л яриад байна.


-Шохой, самбар хоёроор ч маш сонирхолтой хичээл зааж болох тухай асуудлыг ахмад багш нар хөнддөг. Тухайлбал, хичээлийг яаж амьдралтай холбож болох вэ?

-Би энэ талаар маш их юм хэлмээр байдаг юм. Зөнөг юм дэмий яриад гэх биз дээ. Техник хөгжиж байна гэдэг сайхан. Гэхдээ техникийн дэвшил гэдэг оюуны хөгжлийг зарим үедээ саатуулдаг юм билээ шүү. 1980-аад онд гадаадын нэг оронд цээжээр дөрвөн аргын тоо боддог хүнийг дээд сургуульд оруулна гэх хүртэл яриа гарч байсан юм. Цээжээр бодохоо байгаад техник хэрэглээд байснаас тэр л дээ. “Сэгс цагаан богд”-ыг цээжил гэвэл одоо “галзуурна” даа.

Шавьтайгаа хамт инээж, уйлахад нь уйлдаг хүнийг багш гэдэг. Гэтэл одоо компьютер дэлгэж байгаад л нэг юм хэлчихэж байна. Би бол заавал самбар дээр бичиж, залуучуудыг инээлгэж байгаад л хичээл заадаг.

Төрийн албан хаагчдаас, “Үхэр муулж байхыг үзсэн хүн байна уу” гэж асуухад ихэнх нь үзээгүй байдаг л даа. Энэ бол монгол хэлний баялаг чанар төдийгүй монгол хүний сайхан чанарын илэрхийлэл. Монгол хүн “Ална” гэдэг аймшигтай бүдүүлэг үг хэлдэггүй гэж тайлбарлаад, тэгвэл “Хүн юу нууж явах ёстой вэ” гэхээр, ихэвчлэн ичимдэг эд нараа нэрлэнэ л дээ. Хүнд нуудаг юм их бий. Гэхдээ түүний нэг нь хумс гэхээр, “Хумс байнга л ил байдаг шүү дээ, яаж нуух юм” гэж их гайхна. Тэгэхээр нь хумсаа аваад хамаагүй хаяж болдоггүй.

“Тэхийн эвэр тэнгэрт тулж

Тэмээний сүүлийг газарт хүрэх үед

Хос морин тэрэгтэй

Хонин махан хүнстэй ирж би чамайг авна

Тэгэхэд чи намайг үхэлд бүү хэл

Би чамайг үхэрт хэлэхгүй”

гэж хэлээд хумсаа газарт булдаг гэж хэлж өгөхөд, “Хичээл болгон дээр нэг чухал юм мэдэж авч байна” гээд их дуртай байх жишээний.  


-Хумсыг үхэрт хэлэхгүй гэдэг нь ямар учиртай юм бол?

-Яг тан шиг хүмүүс гайхдаг юм. Үхэр хумсанд маш их дуртай. Үхэр муулахад сархинаг дотроос нь хумс атгаар гардаг байхгүй юу. Ардын аман зохиол гэдэг ийм гайхамшигтай.


-Багш хүн байнга өөрийгөө хөгжүүлж байхгүй бол амархан хоцрогдох гээд байдаг гэдэг. Та өөрийгөө яаж хөгжүүлж ирэв?

-Би бол түүнд тийм нэг сайхан ном байна, түүнийг нь олоод үзчих юмсан л гэж номд шимтэж явлаа. Хүнээс нэг сайхан юм дуулахад шууд л тэмдэглээд авчихдаг. Одоо энэ фэйсбук, компьютер чинь зөв ашиглавал бас их сайхан мэдээллийг тэндээс үзэх боломжтой. Би тэмдэглэж авснаа шавь нартайгаа хуваалцах дуртай. Багш бол ёстой хайрламаар, нандин сайхан мэргэжил юм шүү.


- “Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба гагцхүү багш хүнд заяажээ” гэдэг энэ үгийг та ямар утгаар ойлгож, ажил мэргэжлээ хайрлаж ирсэн бэ?

-Ерөөсөө хүнд юм сургах нандин. Багш хүн байнгын сурч байдаг энэ бол нандин байлгүй яах вэ. Хүнд дандаа сайн сайхныг хэлдэг хүн бол багш байх учиртай. Тэгэхээр  нарт ертөнц дэх нандин сайхан алба байгаа биз дээ.


-Манай МОНЦАМЭ агентлаг таван хэлээр сонин гаргадаг. Монгол бичгээр гаргадаг “Хүмүүн бичиг” сонины дугаар гарах өдөр "сонин нэхээд" зогсчихдог хүний нэг нь та. Хэдэн жил энэ сониныг уншиж байна вэ?

- Би1991 оноос хойш багшлахдаа “Хүмүүн бичиг” сонины анхны дугаараас эхлээд л уншиж эхэлсэн. Энэ сонинг таниулахын тулд хичээлдээ ч их хэрэглэдэг байлаа. Тэр бүү хэл анхандаа Б.Амаржаргал багш ер нь чадвар дутуу юм уу, “Хүмүүн бичиг” сониноос харж хичээл заадаг гэдэг хэл аманд хүртэл орж байлаа. Би тоодоггүй байсан. Би ер нь “Хүмүүн бичиг” сонины түүхийг гарын таван хуруу шигээ мэддэг. Энэ сайхан сонин эхлээд гурван төгрөг байснаа, дараа нь таван төгрөгийн үнэтэй болж байлаа. Сонин захиалдаг болсноор хүүхдүүд маань маш гоё бичдэг болсон. Н.Төмөрчөдөр гэдэг миний шавь “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд түрүүлж, МУИС-д Засгийн газрын тэтгэлгээр сурч байв. Би энэ сониноос бүх мэдээллийг авчихдаг.


-Багшлах боловсон хүчнийг дэмжих зорилгоор, үнэгүй сургах тухай асуудал яригдлаа. Ахмад багш хүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Энэ бол цаг нөгцөөх л бодлого. Багш нараа ингэж харж үзэхгүй ээ, харин бүр дордоно. Багш болох чин сэтгэлтэй хүн л багш мэргэжлийг эзэмшдэг. Шавь нарынхаа зовлонг хүртэл хуваалцахаас өөр аргагүй үе багш хүнд өчнөөн тохиолддог. Миний амьдралд нэг ийм юм тохиолдож байлаа. Ёс суртахууны бага зэрэг алдаа гаргасан хүүхдийг дотуур байрнаас хөөдөг байв. Хоёрдугаар ангийн нэг хүүхэд байрнаас хөөгдлөө. Би тэр муу жаахан амьтнаас, “Миний хүү очих айл байна уу” гэлээ. Байхгүй гэж байна. Энэ өвлийн хүйтэн болж байна, чи манайд байх уу гэлээ. Тэгье гэж байна. Тэгээд нусаа татсан, жаахан юмыг гэртээ хөтлөөд харьж байлаа. Манай гэрт өвөлжиж, хаваржаад 2-р ангиа төгссөн. 2004 оны сонгуулиар нэг шавиа дагаад нутагтаа очтол нөгөөдөх маань авгай, хүүхэдтэйгээ ирж золгосон шүү. Амаржаргал багш байгаагүй бол, би ичсэндээ гэр рүүгээ оргож гүйгээд хөлдөж үхэх байсан, багшдаа их баярладаг гэж ярьж байсан. Хүүхэд мартдаггүй юм билээ.


-Монгол Улсын боловсролын салбарын нэгэн жарны түүхийг бичилцсэн багш хүний ар гэр, ахуй амьдрал ямар байж ирэв. Та хэдэн хүүхэдтэй вэ, ямар мэргэжил эзэмшүүлэв?

-Багш нар өөрийн хүүхдээс илүү бусдын хүүхдэд санаа тавьдаг гэдэг үнэний хувьтай шүү. Миний хувьд, бас л тийм сул талтай байсан. Гэхдээ хүүхдүүд маань өөрийнхөө чадал ухаанаар бүгд л мэргэжил боловсролтой болсон. Бямбасүрэн маань МУИС-ийн монгол хэлний анги төгссөн. Нэг охин маань нябо мэргэжил эзэмшсэн. Бас нэг охин маань эм зүйч, бага охин маань хөгжим бүжгийн сургуульд сурсан. Хоёр хүү маань мөн л дээд сургууль төгссөн. Би гурван үеэ буюу зээнцрээ үзээд байна. Тавин хэдэн жил ханилсан хань минь маш их уран хүн байлаа. Бас багшилж байсан үе ч бий.


- Манай урд хөршийн боловсролын чанарт залуу багш, ахмад багшийн хамтын ажиллагаа их нөлөөлсөн гэх судалгааг америкчууд хийсэн байдаг. Үүнтэй адил хөндүүштэй асуудлын нэг нь эрэгтэй багш нар цөөрч байгаагийн шалтгааныг та юу гэж үздэг вэ?

-Энэ бол ерөнхийдөө нийгэмтэйгээ холбогдож байна. Эрэгтэй багш хичээл номоо заахаас гадна өрх гэрээ толгойлно. Үр хүүхэд, хань ижлээ тэжээнэ. Тэгэхээр санхүүгийн шалтгаан байгаа юм. Бидний багшилж байсан үеэс юм хэд дахин үнэтэй болсон байна. Би жишээ нь, 325 төгрөгийн цалинтай бага ангийн багш болж байлаа. Тэр цалин багаддаггүй, надад хүрдэг байв. Би ээжтэйгээ хамт байсан, мөнгөний ханш ч сайхан байсан үе шүү дээ.


-Одоо хэдэн төгрөгийн тэтгэвэр авч байна вэ, хэлж болох уу?

-76 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгож байлаа. Би олон цаг заадаг байсан тул 1000 орчим төгрөгийн цалин авдаг байлаа шүү дээ. Саяын нэмэгдлээр тэтгэвэр маань сая шахлаа.


-Монгол Улсад тэмдэглэж эхэлсэн мэргэжлийн баяруудын анхдагч нь Багш нарын баяр байх, тийм үү ?

- Багш нарыгаа яаж их үнэлж байсны нотолгоо нь энэ л дээ. Би маш тодорхой хэлье. 1966 оны 12-р сард Ардын их хурлын чуулганаар жил бүрийн 2-р сарын эхний ням гаргийг багш нарын өдөр болгох тогтоол гаргаж, 1967 оноос эхэлж тэмдэглэсэн юм. Би тэр үед хоёр дахь жилдээ багшилж байв.


-Тэр үед багш нарын баярыг яаж тэмдэглэдэг байв?

-Баярын хурал хийнэ, албан газрууд номоор багшдаа бэлэг өгдөг байв. Багш нар өөрсдөө концерт бэлтгэж ард түмэн, шавь нартаа тоглож үзүүлнэ. Багш нар эрдэм мэдлэг, авьяас чадвараа тэгж үзүүлдэг байлаа. Анги танхимуудын хооронд уралдаан зарладаг. Ёстой л сурлага, хөдөлмөрийн төлөөх баяр байлаа шүү дээ. Багш хүн бол боловсон хувцас, зан харьцаа, эрдэм мэдлэг гээд бүх зүйлээрээ шавь нартаа үлгэр жишээ болдог байх ёстой юм даа.

Related news