ДУНДГОВЬ: ҮОМШӨ-өөс урьдчилан сэргийлэх ажилтнуудыг бэлтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-09-29 14:24:06
altantogos

Мандалговь, 2023 оны 9 дүгээр сарын 29. /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл Эрүүл мэндийн газартай хамтран “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” хоёр өдрийн сургалтыг Мандалговь хотноо зохион байгуулав.



Сургалтад аймгийн болон 15 сумын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн гишүүд, Эрүүл мэндийн газар, мэргэжлийн байгууллагуудын ХАБЭА хариуцсан ажилтан, эмч, мэргэжилтнүүд 50 гаруй хүн танхимаар болон цахимаар оролцжээ.


Сургалтын үр дүнд сум бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах ажилтнууд бэлтгэгдэх ба цаашид орон нутагтаа мэргэжлээс шалтгаалах өвчнийг таньж, иргэдэд зөвлөгөө өгч ажиллах ажээ.  


Хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг мэргэжлээс шалтгаалсан өвчин гэх ба энэ нь үйлдвэрлэлийн тоос, тоосонцор, ажлын орчны нөхцөл, доргион, шуугиан, долгион, химийн бодис, хэт ачаалал зэргээс шалтгаалан үүсдэг ажээ.  


Дундговь аймгийн НДХ-ээс гаргасан мэдээгээр тус аймгийн хэмжээнд 2023 оны 8 дугаар сарын байдлаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авагч 17 хүн байдаг. 



Related news