Дорнод аймаг экспортын гарцыг нэмэх төслүүдээ танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2023-09-25 15:02:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймагт ажиллан, “Чойбалсан” олон улсын нисэх буудлын өргөтгөл, тус аймагт барьж буй авто зам, төмөр замын ажлын явц, дулаан, ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэхэд шаардлагатай төсөв хөрөнгө, тулгамдсан асуудлын талаарх мэдээлэлтэй танилцав.


Дорнод аймгийн нисэх буудлыг 4С ангиллын агаарын хөлөг хүлээн авах, хүчин чадлыг нь нэмэх төслийн хүрээнд зорчигч үйлчилгээний барилгын өргөтгөл, хатуу хучилттай зурвас, перрон талбай,  автогражийн өргөтгөл хийх юм. Ингэснээр Боинг 737-800, Embrear145 загварын агаарын хөлөг хүлээн авах, цемент бетон хучилттай, хоёр талын оролт, гаралттай, хөөрч буух зурвастай, гурван онгоц зэрэг хүлээн авах, цагт 300 зорчигч нэвтрүүлэх боломжтой олон улсын буудал болно.


Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох ажлын талаар танилцууллаа. Тус аймагт Хэрлэн сумаас болон “Хашаатын цав” уурхайгаас Хавиргын боомт чиглэлд, Тамсаг 21-р талбайгаас Баянхошуу боомт, Баян-Уул-Ульхан боомт, Өндөрхаан-Чойбалсан-Баян-Уул чиглэлд хатуу хучилттай авто зам барих төсөл хэрэгжиж байна. Мөн Сүмбэр боомт чиглэлийн 152 км, Чойбалсан-Баянхошуу чиглэлийн 198 км авто замын төслийг хэрэгжүүлнэ. Ульхан боомт чиглэлийн авто замын ажил үргэлжилж, 2024 онд дуусна. Эдгээр төсөл аялал жуулчлал төдийгүй бүс нутгийг хөгжүүлэхэд мөн Евро Азийг холбосон автозамын коридорт чухал үүрэгтэй юм.



“Чойбалсан” олон улсын нисэх буудлын өргөтгөлтэй уялдуулан тус аймагт олон улсын авто буудал барих нь эдийн засгийн ач холбогдолтой. Чойбалсанд хуурай боомт бий болгох боломжтойг Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот, Төв аймаг шиг авто зам, төмөр зам, агаарын тээвэр зэрэг тээврийн сүлжээнд холбогдсон аймаг гэдгийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар танилцуулжээ.


Тус аймагт “Чойбалсан-Хөөт-Бичигт”, “Эрээнцав-Баянтүмэн”, “Сайншанд-Баруун-Урт-Хөөт” чиглэлийн төмөр зам зэрэг экспортын гарцыг нэмэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих олон төсөл хэрэгжиж байна.

 

Related news