ДУНДГОВЬ: “Дундговь түншлэл-2023” зах зээлийн өдөрлөг, үзэсгэлэн худалдаа хоёр өдөр үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Мандалговь хотноо 9 дүгээр сарын 21-22-нд үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлах, зах зээлд холбох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, түншлэлийг хөгжүүлэх зорилго бүхий “Дундговь түншлэл-2023” зах зээлийн өдөрлөг, үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.
2004 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй зах зээлийн
энэхүү өдөрлөгт малчид, тариаланчид, нийтийн хоол үйлдвэрлэгчид, гар урлал
эрхлэгчид, оёдолчид, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож, барилга,
барилгын материал, ЖДҮ-ийн тоног төхөөрөмж, уул уурхайн ханган нийлүүлэлт,
мэдээллийн технологи, банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ, ноос,
ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, шинэ техник
технологи, гар урлал, бэлэг дурсгал, үндэсний өв уламжлалыг хадгалсан
бүтээгдэхүүнээ сурталчлан, хэрэглэгчдэд танилцуулан борлуулж байна.
Малчин эмэгтэйчүүдийн хувьд төрөл бүрийн ааруул, өрөм,
бяслаг, сүү, айраг, нэрмэл гээд уламжлалт цагаан идээгээ бэлтгэн ирснээс гадна
тэдгээрийг дахин боловсруулж, үрлэн ааруул, шар сүүн чихэр, хавчуургатай өрөм, цэлцэгнүүр,
хайлмаг, цагаан тос, ааруулан чихэр, молоко зэрэг өртөг нэмсэн бүтээгдэхүүнийг
үйлдвэрлэн зах зээлд танилцуулж байгаа нь онцлог байна. Өнгөрсөн жилийн зах
зээлийн өдөрлөгтэй харьцуулахад энэ жил сүү цагаан идээний нийлүүлэлт
харьцангуй бага, эрэлт ихтэй, үнэ өндөр байна. Нэг кг ааруул 40000, шар тос 40000,
нэг литр айраг 8000, идээний ааруул 650000-700000, Ингэний хоормог 10000
төгрөгийн үнэтэй байна.
Энэ жил элдсэн нэхий, ямааны арьсан хүрэм, элдсэн сур,
морины эдлэл хэрэглэл, гэрийн оосор бүч зарж буй үйлдвэрлэгчид харьцангуй нэмэгдсэн
байна. Гараар элдсэн нэхий 40000, үйлдвэрийн аргаар элдсэн нь 50000, нэг дээлийн
үзүүрсгэн арьс 650000-700000, өрхний оосор 15000, хошлон 90000, чагтага 60000,
олом 10000, жолоо 20000, зүү ороосон арьсан бүс 1,0 сая, ямааны арьсан хүрэм
350000, нэг бүтэн үхрийн элдсэн сур 600000 төгрөгийн үнэтэй байна.
Аймгийн засаг дарга Ц.Мөнхбат зах зээлийн өдөрлөгийг нээж
хэлсэн үгэндээ бизнесийг хөгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах,
үйлдвэрлэгчдийг дэмжих аймгийн бодлого, чиглэл, үйл ажиллагааг танилцуулж, цаашид
зах зах зээлээ өргөжүүлэх, хамтарч ажиллах түншээ олох, сум, аймаг, цаашлаад
бүс нутаг, улсын хэмжээнд, гадаадад ч экспортлох бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах
зээлээ тэлэх хэрэгцээтэй байгааг онцолсон.
2023 оны 9 дүгээр сарын байдлаар тус аймгийн хэмжээнд Хоршоо
хөгжүүлэх сангаас 70 төсөлд 1,4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, 88
ажлын байр шинээр бий болгон, 50 ажлын байр хадгалагдсан байна. Мөн ЖДҮДС-аас 11
аж ахуйн нэгжид 1,199,4 сая төгрөгийн санхүүжилт олгохоор баталсан байна.
Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг оролцож, “Шинэ хөдөө” төслийн хүрээнд Бизнес хөгжлийн төв, Эрдэнэдалай сумын “Далай баялаг төгөл” хоршоо, Говь-Угтаал сумын “Загийн алим” хоршоо, Сайнцагаан, Хулд, Дэлгэрхангай, Дэлгэрцогт, Луус сумын ЗДТГ болон Хот тохижуулах газарт 5,8 сая төгрөгийн үнэ бүхий 10 хүлэмж өгөхөөр болж, батламжийг гардууллаа. Дээрх байгууллагууд аймгийн ХХААГ-аас хүлэмжээ очиж авах юм.
“Дундговь түншлэл-2023” өдөрлөгийг аймгийн ЗДТГ, ХХААГ, ХХҮГ, БТСГ, МЭХ-ны Дундговь аймаг дахь салбар, ХААҮТ хамтран зохион байгуулж, банк, санхүүгийн байгууллагууд ивээн тэтгэж оролцож байна. Зах зээлийн өдөрлөг 2 өдөр үргэлжлэх ба 8 номинацаар шилдгүүдээ шалгаруулах ажээ.