"Барри" үлэг гүрвэлийг Парисын дуудлага худалдаанд оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-19 17:30:08

ПАРИС. /ВВС/. Өнөөдрийг хүртэл маш сайн хадгалагдсаар ирсэн камптозаврын ховорт тооцогдох араг ясыг ирэх сард Парист болох дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан худалдахаар төлөвлөж байна.


150 сая жилийн настай энэхүү үлэг гүрвэлийг АНУ-ын Вайоминг муж улсад 1990-ээд оны үед палеонтологич Барри Жеймс олсон тул түүний нэрээр “Барри” хэмээн нэрлэжээ.


Юрийн галавын хожуу үед хамаарах,  2.1м өндөр, 5м урттай “Барри” дуудлага худалдаагаар 1.2 сая еврогийн үнэд хүрэх төлөвтэй байна. Дуудлага худалдаа 10 дугаар сарын 20-нд Друот зочид буудалд болно. "Hotel Drouot" дуудлага худалдааны ордны ажилтан Александр Гикуэлло ярихдаа "үлэг гүрвэлийн гавлын ясны 90 хувь, үлдсэн хэсгийн 80 хувь нь бүрэн бүтэн байна" гэлээ.


Үлэг гүрвэлийн олдворыг дуудлагаар борлуулах нь ховор бөгөөд жилд маш цөөн тоогоор үнэ хаялцуулдаг хэдий ч эдгээр ховор олдворууд хувь хүмүүст очиж байгаад судлаачид санаа зовниж байна. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Европт анх удаа Тиранозавр рекс гэдэг төрөл зүйлийн динозаврыг 6 сая гаруй ам.доллараар худалджээ.


2023 оны дөрөвдүгээр сард худалдагдсан "Тринити" хэмээх Тиранозавр рекс.


Эдинбургийн их сургуулийн профессор, үлэг гүрвэл судлаач Стив Брусатте тухайн үед ВВС-д ярилцлага өгөхдөө "шинжлэх ухааны хувьд маш үнэ цэнэтэй" олдворууд хувийн цуглуулагчдын гэрт хадгалагдан сураггүй алга болох вий" гэж санаа зовниж байжээ.

 


Related news